Байшиндаа тав тухтай амьдрахын тулд яах ёстой вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Агаарын хэм хасах руу орж өвлийн улирал хаяанд ирлээ. Гадаа хүйтэрч байгаа энэ үед та өвлийг өнөтэй давах бэлтгэлээ хийж амжсан уу? Сайн халаагуур, сайн зуух, түлш гэж эрэл хайгуул болохоосоо өмнө байшингийнхаа дулаалгыг нэг бодоод үзээрэй.
Дулаалга муутай бол наад тал нь гэрт нэг л тухгүй болж хүүхдүүд ч ханиад томуунаас салахгүй, галлагаанаас галлагааны хооронд амьдрал үргэлжилдэг болчихдог. Мөн гэрт хөгз ургах, хана цуурах, цонх цантах зэрэг муу талуудтайг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгждэг “Дулаан шийдэл II” төслийн баг 2022 оны өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын дулаалсан болон дулаалаагүй сонгосон 100 өрхийн дунд дулаан хэмжилтийн ажлыг зохион байгуулсанв Уг хэмжилтээр дулаалга хийлгээгүй айл өрхүүд өдөрт 5-6 удаа галладаг бол дулаалга хийлгэсэн өрхүүд өдөрт ердөө 2-3 удаа л галладаг гэсэн үр дүн гарсан. Дулаалга хийлгэснээр түлшний хэрэглээ дунджаар 2 дахин багасаж, гэр доторх дулаанаа 2 дахин удаан хадгалдаг болохыг төслийн хүрээн дэх судалгаагаар тогтоосон. Ингэснээр нэг өрх түлш халаалтын зардлаа дунджаар 300 орчим мянган төгрөгөөр хэмнэсэн байна.
Дулаалга хийлгэх нь зөвхөн түлшний хэрэглээг бууруулаад ч зогсохгүй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг.
Бодоод үзье л дээ, дийлэнх өрхүүд өвлийн турш гэрээ түлш түлж эсвэл тогоор халаадаг. Үр дүнд нь хүлэмжийн хий ялгарч уур амьсгалын өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байдаг. Бүтэн дулаалгатай өрхүүдийг огт дулаалгагүй өрхүүдтэй харьцуулахад эрчим хүчний хэрэгцээ болон нүүрсхүчлийн хийн ялгарал дунджаар 1.6 дахин бага байв.
Хэрхэн дулаалах вэ? Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн ихэнх нь өөрсдөө байшингаа ямар нэгэн хэмжээгээр дулаалсан байдаг. Гэхдээ л байшин нь дулаан алдагдалтай байгаа нь ихэнх өрхүүд зөв технологийн дагуу дулаалаагүйд оршдог. Үүнээс болж дулаан алдах, материалиа зөв сонгоогүйгээс болж галд өртөх, эд хөрөнгөөрөө хохирох ч магадлалтай байдаг.
Бүтэн дулаалга тав тухыг бий болгодог. Дотоод агаарын хэм хэлбэлзэл багатай байх нь удаан хугацаагаар гэртээ байхад тав тухтай орчинг бүрдүүлдэг.
Тав тух юунаас бий болдог вэ? Гэртээ байхад хацар халуу оргиод, хөл даараад байвал дулааны тав тухгүй байна гэсэн үг. Дулааны тав тух нь дотор агаарын хэм тогтвортой байхаас ихээхэн хамаардаг. Судалгаагаар дулаалаагүй өрхийн дотор агаарын хэм галласан үедээ 40 хэм хүрч, галлаагүй үедээ 5 хэм хүрч буурч байсан нь ажиглагдсан. Дулаалгыг технологийн дагуу хийвэл дотор агаарын хэмийн хэлбэлзэл багасаж үүрээр орноосоо босож гал түлэх шаардлагагүй болох юм. Мөн өдөржин таныг ажилдаа эсвэл сургуульдаа яваад ирэхэд дулаахан гэр угтах болно шүү дээ. Төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн нэгэн гэр бүл “...сургуульд явдаг хүүхдүүд маань өглөө эрт хүйтэн гэрт босох нь хамгийн хүндрэлтэй хэцүү, стресстэй асуудал байсан. Харин байшингийн дулаан хадгалах чадвар сайжирснаар энэхүү санаа зовнил багассан” гэж ярьсныг энд дурдахад таатай байна.
Тав тухтай аж төрөхийн тулд байшиндаа технологийн дагуу чанартай дулаалга хийлгэх нь үр дүнтэй юм.
Иймд та бүхэн “Дулаан Шийдэл” төсөлд хандаж, байшингаа дулаалуулах үйлчилгээ авахыг хүсвэл 7505-2000 дугаарын утас, www.dulaalga.mn цахим хуудас, “Дулаан Шийдэл Төсөл” фейсбүүк хуудсаар тус тус холбогдож зөвлөгөө, үйлчилгээ аваарай.
Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн тухай
Дулаан Шийдэл II төсөл нь дөрвөн жилийн хугацаанд нийт 5,900 айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл хэрэгжүүлэх, 160 барилгын бичил, жижиг дунд бизнэс эрхлэгчдийг чадавхжуулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 17,700 тонноор бууруулах зорилготой ба төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац, Монголын Эмэгтэйчүүдийн Сан хамтран хэрэгжүүлж байна.
Дулаан хэмжилтийн дэлгэрэнгүй тайлантай эндээс танилцана уу.