СЭЛЭНГЭ: Хиагтын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа сурагчдын унааны асуудлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-23 09:49:16

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын /БНБУ-ын/ Хиагтын районд албан айлчлал хийлээ.

 

Албан айлчлалын үеэр Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн унаа тээвэр болон эрх зүйн асуудал, бусад салбар чиглэлд хамтран ажиллах талаар харилцан ярилцсан байна.

 

Дээрх албан уулзалтад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын талаас Хиагтын раойны дарга Фомин Андрей Юрьевич, хурлын дарга Ванкеева Анжелика Александровна, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Цыдыпылов Евгений Александрович, 4-р сургуулийн захирал Самбаева Галина Николаевна нарын албаны хүмүүс оролцжээ.  

 

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын районы ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд Сэлэнгэ аймгийн 22 хүүхэд суралцаж байгаа. Эдгээр хүүхдүүдийг зөөвөрлөх автобусыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргын зүгээс Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгчид уламжилж байсан юм.

 

Энэхүү асуудлыг шийдсэн гэдгийг уулзалтын үеэр Хиагтын районы дарга Фомин Андрей Юрьевич дуулгалаа.   

 

-Тэрбээр,”32 хүүхэд, 2 харгалзагч багш нийт 34 хүний суудалтай автобус бэлэн болсон. Одоо жолоочийн лицензийг баталгаажуулах ажил явагдаж байна. Бид сурагчдаа өглөө 07.30 цагт Алтанбулагаас авдаг байхаар төлөвлөсөн. Тиймээс та бүхэн бүх хүүхдийг өглөө Алтанбулагт байлгах, үдээс хойш мөн Алтанбулагаас авдаг байхад анхаарна уу. Алтанбулагаас Сүхбаатар чиглэлд явах жолоочийн аюулгүй байдлын үүднээс бид ийм шийдвэр гаргасан. Цаашид бидний хамтын ажиллагаа соёл, спорт, залуучууд, сайн дурынхан гээд олон салбар чиглэлд өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Хурдан хугацаанд автобусны асуудлыг шийдвэрлэж өгсөнд нийт хүүхдүүд болон эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Аймгийн цаашдын гол зорилго бол ОХУ-ын инженер, техникийн их дээд сургуулиудад хүүхдүүдээ сургах. Энэ ажлын суурийг тавьж байгаадаа баяртай байна.

 

Бид Хиагтын аймагтай мод үржүүлэг, хөдөө аж ахуйн чиглэлээр нягт хамтарч ажиллах саналтай байна. Энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудыг холбож өгье.

 

Түүнчлэн Буриад Улсын мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбартай бид маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт эрүүл бүс тогтоож, мах гаргах бүрэн боломж манай аймагт бий” гэлээ.  

 

Аймгийн Засаг даргыг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Чойсүрэн, хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдан явлаа.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич нарын удаа дараагийн албан айлчлалын үр дүнд амжилттай хамтран ажиллаж байгаа салбаруудын нэг бол боловсрол юм.

Холбоотой мэдээ