ТЭРБУМ МОД: Хөрсний инновац, технологийн төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-23 16:04:28

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бэлтгэл болон эрчимжүүлэх, тогтворжуулах гэсэн үндсэн гурван үе шаттай хэрэгжиж байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа. Тус газраас хөдөлгөөний хэрэгжилтийн талаар олон талын оролцоотой цуврал уулзалтыг зохион байгуулж байна.


-Хөдөлгөөний хэрэгжилт одоо ямар үе шатандаа явж байна?

-Монгол Улсын төрийн тэргүүний санаачлан улс орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн одоо бэлтгэлийн үе шатандаа явж байна. Энд үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, дэд бүтэц бий болгох, оролцогч талуудын хоорондын уялдаа холбоог хангах, төлөвлөлтүүдээ хийх зэрэг ажил үргэлжилж байна. Мод тарина гэдэг мэргэжлийн зохион байгуулалт хэрэгтэй, урт хугацааны үйл явц юм.


Одоогийн байдлаар урьдчилсан тооцоогоор хөдөлгөөний хүрээнд 28 сая мод тарьсан мэдээлэлтэй байгаа. Энэ намрын тооллогоор эцсийн дүн мэдээ гарна. Одоо хараахан эцэслэгдээгүй байна. Тарьц суулгацын тухайд 2-3 жилийн өмнө 7-8 саяын нөөц бүрдүүлээд байна гэж байсан бол одоо 60 сая болоод байна. Энэ бол бэлтгэл ажил хийж буй үед голж болохгүй, том амжилт юм.


1.5 тэрбум модны 57 хувийг сэргэн ургалт, доройтсон ойг сэргээх замаар тарих тооцоо гарчээ. Модны төрлөөс хамаарч нэг га талбайд 2500-3500 ширхэг мод тарьдаг байна. 


Мод үржүүлгийн олон байгууллага бий болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тарьц суулгацаа ургуулаад, хоёр жилийн өмнө үрээр нь тарьж байсан суулгац одоо хоёр настай болж, ойжуулалт хийгдэхээр зурвас байгуулж байна. Энэ жишгээр бид ирэх жилүүдэд 130-150 сая ширхэг тарьц суулгацыг дор хаяж бэлтгэх ёстой. Ийм зорилт тавьж байгаа. Энэ мэтээр мод тарьж ургуулахад суурь дэд бүтэц их чухал юм. Одоо энэ амжилтаа улам бататган өргөжүүлж цааш явах учиртай. Тиймээс энд оролцогч талуудын зохион байгуулалтын асуудал гарч ирж байгаа. Энэ нь төрийн болон мэргэжлийн байгууллагуудын ажил биш.


Хувийн хэвшлийнхэн болон мэргэжлийн байгууллагууд орж ирж байна. Уул уурхай, банк, санхүүгийнхан, мөн гадны хөрөнгө оруулж буй байгууллагууд ч оролцож байна. Олон улсын байгууллагууд ч хандаж эхэлсэн. Тиймээс энэ олон талын оролцоог хооронд нь уялдуулж зохион байгуулах ажлыг хийж, төлөвлөгөөний дагуу явж байна.


-Тарьц, суулгацын нөөцийг 100 хувь дотоодоосоо хангаж чадаж байна уу? Мод үржүүлгийн газрууд бүрэн хамрагдаж байгаа юу?

-Ялангуяа энэ онд нөөцийг дотоодоос бүрэн хангаж байгаа. Гаднаас судалгаа, шинжилгээний зорилгоор цөөн тооны тарьц суулгац оруулах боломж бий. Гэхдээ энд их болгоомжтой хандах учиртай. Яг гаднаас оруулж ирэх нөхцөлд тодорхой талбайд, цаг уурын ижил нөхцөлтэй, тодорхой зүйлийн мод тарина.

Үржүүлгийн газруудын хувьд олон жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай, мэргэжлийн байгууллагууд байхад зарим нь дөнгөж байгуулагдан бичиг баримтаа авч байгаа нь ч бий. Харилцан адилгүй байгаа. Гэхдээ бүгдийг хамруулж байна.


-Мод үржүүлгийн газрууд болон шууд худалдан авалт дээр үр үрсэлгээ, тарьц суулгацын үнэ, үнэлгээний асуудал их яригдаж байна. Үүнийг зохицуулах боломжтой юу?

-Үнэ, худалдан авалтын тухайд ер нь зах зээлийнхээ зарчмаар явах учиртай. Эхэн үед тарьц суулгацаа сайн бэлдээгүй учир хомсдож, үнэ өндөр байсан байх. Одоо худалдан авагч болон ургуулж буй талууд хоорондоо тохироод, гэрээ хэлцэл хийгээд явах юм бол үнэ харьцангуй уян хатан, тогтворжоод явах боломжтой. Ийм ажлыг эхнээс нь хийж байна. Худалдан авалттай холбоотой эрхзүйн тогтолцоо мөн үгүйлэгдэж байгаа нь үнэн. Үүнийг шийдэх талаар холбогдох байгууллагуудтай ярьж байгаа.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн генетик нөөцийн төв байгуулан ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ онд Хөрсний инновац, технологийн төвийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 



-Хөдөлгөөний хүрээнд хийж буй санхүүжилтийг төвлөрүүлж зарцуулъя гэсэн санал гарч байна. Ийм боломж бий юу? Эсвэл ААН-үүд одоогийнх шигээ ингээд тус тусдаа санхүүжүүлээд явах нь дээр үү?

-Хөдөлгөөний санхүүжилтийг бид эрхзүй, хөрөнгө оруулалт гээд олон талаас нь харах ёстой. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон сан бий болж байна. Эргээд тэдгээр сангийг дагасан олон асуудал гарч ирж байгаа.

Энэ тохиолдолд бид тэр бүгдийг хамруулж төвлөрүүлэх дахиад нэг нэгдсэн сангийн тухай хөндөхөд хүрч байна. Энэ тал дээр бид Уур амьсгалын нэгдсэн сан байх юм уу, эсвэл байгаль орчны чиглэлээрх сан руугаа төвлөрүүлэх үү гээд Сангийн яам, төрийн байгууллагууд, компаниудтай санал солилцон харилцан ярилцаж байгаа. Хараахан шийдээгүй байна. Хөдөлгөөний хүрээнд үйлчилж буй “terbummod.mn” цахим хуудсаар дамжуулан бид санхүүжилтийн мэдээллийг хүргэнэ. 


-Мод тарихтай холбоотойгоор Ойн болон Нийтийн ногоон байгууламжийн, Газар зохион байгуулалтын зэрэг холбогдох хууль эрхзүйн асуудлаа тодорхой болгох хэрэгтэй байгааг хэлж байна. Энэ талын хууль эрх зүй хэр урагшилж байна?

-Ойн тухай хуулиар ойтой холбоотой хэсгийн зохицуулалт яригдаж байгаа. Ойн тухай хуулийн үндсэн зарчим нь энэ юм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цөлжилттэй тэмцэх, цөлжилтийн эсрэг мод тарих гээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилго Ойн хуультай холбогдож байгаа.

Түүнээс гадна Ойн тухай хуулиар Монгол орны ойн нөөцийг бүрдүүлэх, өргөжүүлж тэлэх гол зорилт тавигдаж байгаа. Харин хот суурингийн ногоон байгууламжийн тухайд энд тусгайчилсан эрхзүй үгүйлэгдэж байгаа юм. Энд тодорхой зохицуулалт хийхгүй бол цаг үе, нөхцөл байдал өөрчлөлтийг шаардаж байна. БХБЯ зэрэг холбогдох байгууллагуудтай нарийн ярилцаж шийдэхгүй бол энэ талын эрхзүй гацсан байдалтай байна. Газрын тухай хуульд Ойн хуулиараа дамжуулаад өөрчлөлт хийх талаар ярилцаж байна. 

Холбоотой мэдээ