Домогт Мэжик Жонсон тэрбумтан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-30 15:39:59

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 30 /ВВС/. Форбс сэтгүүл сагсан бөмбөгийн од асан Мэжик Жонсоныг тэрбумтан гэж зарласнаар тэрбээр тэрбумтнуудын жагсаалтад бичигдсэн дөрөв дэх тамирчин боллоо.


Тус сэтгүүл М.Жонсоны хөрөнгийг ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна. Бусад гурван тэрбумтан тамирчин бол NBA-гийн домогт сагсан бөмбөгчид болох Майкл Жордан, Леброн Жэймс болон гольфчин Тайгер Вудс нар юм.

М.Жонсон олон компанид хөрөнгө оруулалт хийж, янз бүрийн спортын клубуудын хувьцааг эзэмшдэг. Гэхдээ даатгалын компанид эзэмшиж буй түүний хувьцаа нь түүний хөрөнгийн ихэнхийг бүрдүүлдэг гэдгийг Форбс сэтгүүлд онцолжээ.


Өдгөө 64 настай тэрбээр 1996 онд зодог тайлахаасаа өмнө NBA-гийн түүхэн дэх хамгийн алдартай тамирчдын нэг байсан юм. Гэхдээ тэрбээр ихэнх мөнгөө спортоос өөр салбарт бизнес хийж олсон бол NBA-д тоглож байхдаа 40 сая долларын орлого олсон ажээ. 


Жонсон Лос-Анжелес хотын гурван спортын багийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тэдгээрийн нэг нь Бейсболын Холбооны (MLB) Los Angeles Dodgers” баг юм. Спортын багуудаас гадна Starbucks, Burger King, 24 Hour Fitness болон амь даатгалын EquiTrust компанид хөрөнгө оруулалт хийсэн ажээ.



Холбоотой мэдээ