ӨМНӨГОВЬ: Ж.Амартүвшингийн "Эрин зууны үргэлжлэл" гэрэл зураг тэргүүн байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-06 16:03:53

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс санаачлан "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан-2023"-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

 

Уралдааны бүтээлийг 2023 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хүлээн авч гэрэл зургийн дөрвөн төрлөөс тус бүр шилдэг 5 зургийг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн шүүгчдийн хурлаар шалгаруулжээ.

 

Гэрэл зургийн уралдааны шүүгчээр АНУ-ын мастер зурагчин, гэрэл зургийн багш Дан Буркхолдер, ОХУ-ын дэлхийн алдартай зурагчин Даниель Кордан, МУСГЗ, мастер гэрэл зурагчин Д.Октябрь, МУСГЗ, гэрэл зурагчин Г.Бадамсамбуу, Канад улсын Байгалийн гэрэл зургийн уралдааны 2022 оны шилдэг зурагчин Пауль Зизка, ХБНГУ-ын гэрэл зурагчин Макс Мюнх, АНУ-ын Натжеогийн гэрэл зурагчин Рон Донавон зэрэг олон улсын хэмжээний шилдэг долоон гэрэл зурагчин ажиллажээ.

 

Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг Үзэсгэлэнт байгаль, Зэрлэг амьтан, Монгол ахуй, Агаарын гэрэл зураг зэрэг дөрвөн төрлөөр зохион явуулж нийт 110 гаруй гэрэл зурагчин оролцжээ.

 

Харин Өмнөговь аймгийн гэрэл зурагчин Жаргалсайханы Амартүвшин "Үзэсгэлэнт байгаль" төрөлд Монголын 33 говийн нэг Борзонгийн говьд авсан “Эрин зууны үргэлжлэл” сэдэвт гэрэл зургаараа тэргүүн байрыг эзэлжээ.




Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 18.00 цагт Blue Mon Tower дахь Norphei Art Gallery-д зохион байгуулах бөгөөд шилдэг 42 зургийг дэлгэн тавьж олон нийтэд сурталчлан таниулах юм.  

 

Холбоотой мэдээ