Английн Төв банкны шийдвэрийн дараа Европын хувьцаануудын үнэ өсөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-11-03 12:57:55

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /MarketWatch/. Бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн Английн Төв банкны шийдвэр, мөн компаниудын улирлын тайлантай холбоотойгоор Европын хөрөнгийн биржүүдийн пүрэв гаргийн арилжаа хаагдах үед хувьцаануудын ханш өссөн байна.


Тухайлбал, Европын томоохон компаниудын хувьцааны ханшийг харуулдаг "Stoxx Europe 600" индекс 1.58 хувиар өсөж 443.47 нэгжид хүрсэн байна. Түүнчлэн Британийн "FTSE 100" индекс 1.42 хувь, Германы "DAX" 1.48 хувь, Францын "CAC 40"  1.85 хувь, Италийн "FTSE MIB" 1.77 хувь, Испанийн  "IBEX 35"  2.04 хувиар тус тус өсжээ. 


Пүрэв гарагт буюу өчигдөр Английн Төв банк бодлогын хүүгээ 5.25 хувьд хэвээр үлдээсэн байна. Энэ нь 15 жилийн хамгийн өндөр түвшин бөгөөд дэлхийн хамгийн том баян эдийн засагтай орнуудын өндөр инфляцыг "системээс шахах" арга хэмжээ авч байгаа тул тус банк ойрын ирээдүйд бодлогын хүүг бууруулах боломжийг үгүйсгэжээ.


Норвегийн Төв банк мөн пүрэв гарагт хуралдсаны дараа бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэр гаргаж, 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд буюу жилийн 4.25 хувьд үлдээсэн байна. Үүний зэрэгцээ Норвегид инфляцын түвшин өндөр хэвээр байгаа тул 12 дугаар сард бодлогын хүүг өсгөх магадлалтай хэдий ч хэвээр хадгалах боломжтой гэж тус банк мэдэгджээ.


Италийн спорт машин үйлдвэрлэгч Ferrari N.V компанийн гуравдугаар улирлын цэвэр ашиг 46 хувиар, орлого 24 хувиар өссөн нь таамаглалаас давсан байна. Ferrari-гийн гүйцэтгэх захирал Бенедетто Вигна энэ улирлын үзүүлэлтийг "дээд амжилт" хэмээн тодорхойлсон бол компани энэ оны санхүүгийн талаарх урьдчилсан таамаглалаа өсгөжээ. Ferrari N.V компанийн хувьцаа 5.6 хувиар өссөн байна.  


Газрын тос, байгалийн хийн Shell компанийн өнгөрсөн улирлын ашиг зах зээлийн таамаглалаас арай доогуур байсан хэдий ч хувьцааны ханш нь 4 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ тус компани 3.5 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авах шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ мэдэгджээ. Уг ажиллагааг оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.


Нидерландын хамгийн том банкны групп болох ING мөн 2.5 тэрбум еврогийн үнэ бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн дүн шинжээчдийн таамаглаж байсан 1.95 тэрбум еврог давжээ.


ING-ийн цэвэр ашиг гуравдугаар улиралд жилийн өмнөх 979 сая еврогоос хоёр дахин нэмэгдэж 1.98 тэрбум евро болжээ. Шинжээчдийн хувьд тус компанийг 1.83 тэрбум еврогийн цэвэр ашигтай ажиллана гэж таамаглаж байв. Гэсэн хэдий ч ING-ийн хувьцаа Амстердамын бирж дээр 2.1 хувиар унасан байна. 


Швейцарын ажилд зуучлагч Adecco Group болон Британийн харилцаа холбооны BT группийн улирлын тайлан таамаглаж байснаас илүү сайн үзүүлэлттэй гарсны дараа хувьцаа нь 13.9 ба 5.4 хувиар тус тус өсжээ.


Британийн J Sainsbury сүлжээ их дэлгүүрийн хувьцааны үнэ 3.7 хувиар өссөн байна. Тус компанийн энэ санхүүгийн жилийн татварын өмнөх ашиг нэмэгджээ. 




Холбоотой мэдээ