ДАРХАН-УУЛ: Хоёр өдөрт 20 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-07 15:51:03

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, номоор дамжуулан хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж хэвшсэн. Энэ хүрээнд энэ сарын 4-5-ны өдөр Залуучууд театрт зохиолч, хэвлэн нийтлэгчидтэй уулзах, уншигчдад шинэ бүтээлээ танилцуулах, зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай “Номтой Дархан” номын худалдаа, өдөрлөг боллоо.




Тус өдөрлөгт Улаанбаатарт хотоос МУСГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, МУСГЗ, зохиолч Б.Сарантуяа, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт модернист яруу найрагч Д.Галсансүх нарын 19 зохиолч, зургаан хэвлэлийн компани оролцсон аж. 




Хоёр өдөр үргэлжилсэн “Номтой Дархан” өдөрлөгт 480 гаруй иргэн үйлчлүүлэн 1250 номыг 30-50 хувийн хямдралтай үнээр худалдан авсан бол 20 орчим сая төгрөгийн борлуулалтыг зохиолч, хэвлэлийн компаниуд хийжээ.




Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлын томоохон үйл ажиллагааны нэг нь “Номтой Дархан” өдөрлөг юм.




Гурав дахь удаагийн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлагийн тоглолт, кино үзвэр, соёлын боловсролын хөтөлбөрүүд, соёлын үйлчилгээ, тэмцээн, уралдаан, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах ажээ.



Холбоотой мэдээ