Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-10 15:12:08

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.


Уулзалтаар нийслэлийн такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төслийн талаар дурдлаа.


Хотын дарга Х.Нямбаатар “Авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулахад хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, 1200-1300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд олон улсын тендер зарлаж, нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ. Метро барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарлана. Санхүүжилтийн 2-3 сонголт бий. Хувийн аж ахуйн нэгжүүд 1996 оноос таксины салбарт хэд хэдэн шинэчлэл хийсэн ч 2007 оноос нийтийн тээвэр хөгжих боломж хумигдсаар, шинэчлэл үр дүнд хүрээгүй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаагаар өдөрт дунджаар 80 мянга гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлдэг тооцоо гарсан. Ямар ч хяналт, зохицуулалт, стандартгүй явж байгаа тул такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад ямар зохицуулалт хийж, хувийн хэвшлээ дэмжих талаар хэлэлцмээр байна” гэв.


Хотын дарга такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрөл, хэлбэрээр нь ангилан олгодог тогтолцоо бий болгохыг зорьж байгаагаа дээрх хуулийн төсөлд, “Такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нийслэлээс олгоно” тусгажээ.


“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг Түгжрэлийн судалгаа хийхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй, халтууранд явж, түгжрэлд нөлөөлдөг дүн гарсныг дуулгав.


“UBCab” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарт бодлогогүй явж ирлээ. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Техник технологи хөгжихийн хэрээр таксинд нэг хүн сууж явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч буй иргэд үйлчилгээг хуваалцах болсон. Энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн” гэлээ.


Ийнхүү нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимтай зөвшилцсөнөөр такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллах тухай ажлын хэсэг байгуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ