Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 14-18 сая шоо метр гүний цэнгэг ус хэмнэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, Мянганы Сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хаягдал ус дахин боловсруулах төслийн талаар санал солилцсон юм. Одоогоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нэгдсэн шугам сүлжээнд жилд 50 сая гаруй шоо метр ус нийлүүлдэг тооцоо бий. Төсөл хэрэгжсэнээр үүнийг хоёр дахин нэмэх хэмжээний ус нийлүүлэх хүчин чадалтай эх үүсвэр ашиглалтад оруулж, жилд 14-18 сая метр куб гүний цэнгэг ус хэмнэх боломжтой. Төсөл 2021-2026 оны хооронд хэрэгжинэ.
Хотын дарга Х.Нямбаатар “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хотын
ариутгах татуургын сүлжээгээр цэвэрлэгдэн ирж, байгальд нийлүүлэгддэг уснаас
нэлээд хэмжээг дахин боловсруулж ашиглана. Тэр дундаа нийслэлийн ДЦС-уудын техникийн усны
тодорхой хэрэглээг хангах боломж бүрдэхэд таатай байна” гэв.
Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал
Э.Энхгэрэл “Компакт гэрээ анх хэрэгжүүлж эхэлсэн үед төдийлөн анзаарагдаж байгаагүй бэрхшээл, сорилтууд
гарч ирж байгаа. Нийслэлээс тэдгээрийг шийдэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй
байна” хэмээжээ.
Нийслэл хот хоёр
дахь компакт гэрээг амжилттай
хэрэгжүүлэхийн төлөө Монголын Мянганы сорилтын сантай хамтран ажиллахад бэлэн
гэдгээ уламжилсныг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээллээ.