Австралийн оны онцлох үг - “Матильда”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИДНЕЙ, 2023 оны
арваннэгдүгээр сарын 15 /AFP/. Австралийн хөл бөмбөгийн шигшээ
баг эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний /ДАШТ/ хагас
шигшээд шалгарсантай холбоотойгоор тус улсын энэ оны
онцлох үгээр “Матильда” хэмээх үг шалгарчээ.
“Матильда нар” хэмээн нэрлэгддэг тус баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт шалгарч, өнгөрсөн 7, 8 дугаар сард Австралийн хэвлэлүүдийн гол мэдээ болж байлаа. Сүүлд тэд Сидней хотноо 76 мянган үзэгчийн өмнө эртний өрсөлдөгчид болох Английн багт 3:1 онооны харьцаагаар хожигдсон хэдий ч Австралийн Үндэсний их сургуулийн /ANU/ мэргэжилтнүүд “Матильда”-г энэ оны онцлох үгээр сонгожээ.
“1990-ээд оны дунд үеэс л хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг “Матильда” гэж нэрлэх болсон. Гэхдээ энэ жилийн ДАШТ-ий дараа энэ үг Австралийн үгсийн санд байр сууриа улам бэхжүүллээ. “Waltzing Matilda” дуугаар хүмүүс энэ үгийг урьд нь мэддэг байсан. Энэхүү герман нэр нь тулалдаанд хүч чадлыг илэрхийлдэг. Тиймээс энэ жил маш олон хүнд, ялангуяа залуу охид бүсгүйчүүдэд урам зориг өгсөн багийн хувьд тохиромжтой нэр юм” гэж ANU-ийн Австралийн үндэсний толь бичгийн төвийн захирал Аманда Лаугесен ярив.
“Матильда нар”-ыг хагас шигшээ шатанд Английн бүсгүйчүүдэд хожигдсон тоглолтыг Австралид 11.5 сая хүн үзэж сонирхсон нь тус улсын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлэг болжээ. ДАШТ-ий шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Английг 1:0 онооны харьцаагаар буулган авч, аваргын цомыг өргөсөн билээ.