БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш МОНЦАМЭ агентлагт зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-21 16:43:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өнөөдөр зочиллоо.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд Зафер Атешт агентлагийн үйл ажиллагааг танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээний яриа өрнүүлэн, цаашид нягт хамтран ажиллахаар тохиолцлоо.


Элчин сайд Зафер Атеш Монгол, Турк Улсын харилцаа сүүлийн жилүүдэд улам хөгжиж, бүх талаар хамтран ажилладаг болсныг онцлоод цаашид дэд бүтэц, эдийн засаг, худалдаа, соёл, түүх, аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт түлхүү анхааран ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцуулав. Мөн МОНЦАМЭ агентлагтай хоёр улсын түүх, соёлын болон бусад хамтын ажиллагаатай салбаруудын мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр хүргэж сурталчлах, тодорхой соёлын дурсгал, төсөл хөтөлбөрүүдийн талаар газар дээрээс нь сурвалжилга, мэдээ мэдээлэл бэлтгэх зэргээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос БНТУ-ын Элчин сайдын яамтай олон жил хамтран ажиллаж ирсэн уламжлалтай, цаашид ч бүх талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгийг дурдаад тус агентлаг нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, тодорхой шинэчлэлүүдийг хийж байгааг хэлж, энэ хүрээнд Туркийн талтай боловсон хүчнийг чадавхжуулах, давтан сургалтад хамруулах, ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагуудаас туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах сонирхол байгааг уламжиллаа. Мөн МОНЦАМЭ агентлагтай олон жил хамтран ажиллаж ирсэн БНТУ-ын мэдээллийн АНАДОЛУ агентлагтай хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах хүсэлтээ илэрхийлж, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Элчин сайд эдгээр саналуудыг холбогдох газруудад уламжилж, ажил хэрэг болгох талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. 


Холбоотой мэдээ