ХОВД: Гамшиг эрсдэлтэй холбоотой 60 гаруй дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Шадар сайдын санаачилгаар Эрсдэлийн үндэсний форумыг 14 дэхь жилдээ зохион байгуулж байгаа. Үүнтэй
холбогдуулан Ховд аймагт өнөөдөр салбар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ
үеэр оролцогч талууд орон нутагт тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг,
гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцсэн
бөгөөд төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь
нэмэр оруулах бодит шийдлийг эрэлхийлэв.
Сүүлийн
жилүүдэд Монгол орны баруун бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон
хүний үйл ажиллагаатай холбоотой гамшигт үзэгдэл, эрсдэл, хор хохирлын хэмжээ
нэмэгдэх болсон. Энэ нь бүс нутгийн хэмжээнд тохиолдож байгаа гамшгийг
урьдчилан харж, түүнээс сэрэмжлэх асуудлыг чухалчлах гол шалтгаан болжээ.
Олон
улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний
хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаардана гэдгийг
тогтоосон байдаг.
Иймд
аймаг, орон нутгийн хэмжээнд эрсдэл ба
стандартын чиглэлээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулах замаар хүн амын эрүүл, аюулгуй орчныг бүрдүүлэхэд
тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөснөөрөө онцлогтой.
Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2023 онд гамшиг эрсдэлтэй холбоотой 67 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1043 иргэний амь нас, 13.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэх судалгаа бий.
Эрсдэлийн
үндэсний форум гурван өдөр
үргэлжилнэ. Өнөөдөр Ховд аймагт болсон
салбар хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөлөл 160 гаруй хүн
оролцсон юм.