ОРХОН: Энэ онд 40 гаруй эмч гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-21 10:37:21
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 2017 оноос хэрэгжүүлсэн “Эмч”  хөтөлбөрийн үр дүнд БОЭТ-д Хавдрын Бай эмчилгээ, Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эмчилгээ, Дурангийн тасаг байгуулагдаж Ангиографи, томографийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.

2021-2022 онд тус хөтөлбөрт 250 сая төгрөг батлагдаж 818 эмч, эмнэлгийн ажилтан мэргэжил, ур чадвараа дээшлүүлсэн бол 2023 онд 175 сая төгрөг батлагджээ.  

Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд: 

  • БНСУ-д ангиографи, хоол судлал, эрүү нүүр, ам судлал, БНХАУ-ын ӨМӨЗО-д сувилахуйн чиглэлээр нийт 40 эмч, сувилагч мэргэжил дээшлүүлжээ.
  • Эрүүл мэндийн салбарын 40-өөс дээш насны 400 ажилтан, эмч нарыг бамбай булчирхайн дааврын шинжилгээнд хамруулав.
  • Төгсөлтийн дараах сургалтад 112, ажлын байрны сургалтад 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан хамрагдлаа.
  • Нотолгоонд суурилсан анагаах ухаан, эмнэлзүйн заавар ашиглалтыг нэмэгдүүлэх “UpToDate программын хэрэглээг өргөжүүлэх” уралдаанд 35 эмч оролцов.
  • Эмч нарын мэргэжлийн ур чадвар, судалгаа, шинжилгээг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулж 30 эмч өөрсдийн судалгаа, эрдмийн ажлаа танилцууллаа
  • Эрүүл мэндийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  • Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж БНСУ-тай Алсын зайн оношилгооны төв байгуулж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
  • “Сувилахуй ба эрх зүй”, “Сувилагч ба Эрүүл мэнд” аяныг зохион байгуулж Төвийн бүсийн  6 аймгийн 300 гаруй эмч, сувилагч оролцлоо.

Орхон аймагт 2015 онд 10 мянган хүн амд ноогдох их эмчийн тоо 27,4 хувьтай байсан бол “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 33,9 болж нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ