ОРХОН: Эрсдлээс сэргийлж стандартаа мөрдөх уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. “Эрсдэл ба стандарт үндэсний форум”-ын
салбар хэлэлцүүлэг болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
Форумын үед нийт 14 илтгэл танилцуулагдаж, хэлэлцүүлэг
өрнөлөө. Хэлэлцүүлгийн дүнд Орхон
аймгийн нийт иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд
хандан уриалга гарлаа.
Уриалгад, гамшгийн болон нийгмийн эрсдэлийн талаар
олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангаж стандартыг
мөрдүүлэх, хэвшүүлэх, ялангуяа сургууль,
цэцэрлэгийн орчныг эрсдэлгүй болгох,
Салбар бүрт
мөрдөгдөж буй стандартын хэрэгжилтийн түвшинг дээшлүүлэх, эрсдэлийн
удирдлагын стандартыг хэрэгжүүлэх талаар холбогдох эрх зүйн зохицуулалтад
тусгах, санал хүргүүлэх,
Орхон аймагт байгаа эрсдэлтэй барилгыг
бүртгэлжүүлэх, хариу арга хэмжээ авах, импортын болон дотоодын үйлдвэрийн
барилгын материалын стандартыг хангуулж, тохирлын баталгаажуулалтад бүрэн
хамруулах,
Тохирлын үнэлгээ хяналтын
чиг үүрэг өгдөг байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх,
Стандартыг хэрэгжүүлдэг дадал хэвшлийг
хэрэглэгчдэд бий болгох, олон нийтэд мэдээлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
ажлыг эрчимжүүлэх
Зам тээврийн осол, зөрчил, хүний амь нас, эрүүл
мэнд, эд хөрөнгийн аливаа асуудлаас урьдчилан сэргийлж, замын
хөдөлгөөнийг хянах теле хяналтын системийг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.