Х.Кобаяши: Монгол Улс хоёр дахь эх орноос минь өөрцгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-11-21 12:12:26

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцах болсонтой холбогдуулан Шангри-Ла зочид буудалд өчигдөр хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.


Хүндэтгэлийн ёслолыг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон “Увертюра” хамтлаг хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр эхлүүлэв. Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки мэндчилгээ дэвшүүлэн, Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн  хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосныг онцлов.


Тэрбээр хэлэхдээ, “Миний бие Монгол Улсад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр томилогдон ирж, зул сарын баярын өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш Монгол Улсад ажиллаад даруй 4 жилийн хугацаа өнгөрчээ. Ингээд 11 дүгээр сарын 26-ны өдөр үүрэгт ажлаа дуусгавар болгон эх нутагтаа буцна. Би 1983 онд Япон Улсын Гадаад хэргийн яаманд анх ажилд орсон бөгөөд монгол хэлээр мэргэшсэн дипломат ажилтны хувиар гурван удаа Монгол Улсад томилогдон ажилласан. Ажил амьдралынхаа 11 жилийг өнгөрөөсөн Монгол Улс миний хувьд хоёр дахь эх орноос минь өөрцгүй тийм л хүндтэй сайхан улс юм. Миний сэтгэл зүрхэнд ийм чухал байр суурийг эзэлдэг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээлгэсэн миний эх орон Япон Улсад, намайг халуун дотноор хүлээн авч, тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын ард түмэнд, Монгол Улсын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн хамтран ажилласан бусад улсын Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын мэргэжил нэгт анд нөхөд, мөн намайг цаг ямагт дэмжиж ирсэн Монгол Улсад оршин сууж буй Япон Улсын иргэд Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэв.


Ноён Кобаяши Хироюки мөн, Монголд ажилласан дөрвөн жилийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, Элчин сайдын хувиар зорьж байсан үйл хэргээ коронавируст халдварын улмаас бүрэн гүйцэлдүүлж чадаагүйдээ туйлын их харамсаж байна. Гэсэн хэдий ч Монголын ард түмний хамтаар цар тахлын эсрэг тэмцэж, 2020 оны 10 дугаар сард Монгол Улсад 25 тэрбум иений хөнгөлөлттэй, яаралтай тусламжийн зээлийг олгож чадсан юм. 2021 онд НҮБ-ын Хүүхдийн сан /UNIСEF/-гаар дамжуулан шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 2 сая 300 мянга орчим тун пфайзер /Pfizer/ вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн иений хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал 2021 оны 7 дугаар сард нээлтээ хийсэн нь түүхэн тэмдэглэлт үйл явдлын нэг болсон юм. 2022 оны 2 дугаар сарын 24-нд Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Миний бие энэхүү тэмдэглэлт ойн жил хоёр орны цаашдын харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон юм. Монгол Улсын Засгийн газрын нөр их хүчин чармайлтын үр дүнд коронавируст халдварыг богино хугацаанд даван туулж чадсанаар миний бие энэхүү зорилгоо бүрэн дүүрэн биелүүлсэн юм. 50 жилийн түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулж чадсаны нэг нь өнөөдөр энд хүрэлцэн ирсэн Шикокү бүс нутаг дахь Монгол Улсын Өргөмжит консул ноён Каваүчи гуайн ивээн тэтгэсэн "Сүүн зам Япон-Монголын бүжгийн наадам" юм. Энэхүү наадмаас мэдэрсэн сэтгэл хөдлөлийг миний бие одоо ч гэсэн сэтгэл зүрхэндээ тодоос тод санаж байна.


2021 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд албан ёсны айлчлал хийж Япон, Монголын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хэмээх урьд хожид байхгүй хоёр орны тусгай түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болсон. 2023 оны 3 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийж, “Япон лугаа хөгжье” хэмээх санаачилга гарган, Японы олон янзын тогтолцооны талаарх судалгааг амжилттай явуулсан зэрэг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тустай хувь нэмэр оруулсан билээ.


2021 оны 7 дугаар сард зохион байгуулсан Токиогийн олимп, паралимпийн наадмын нээлт болон 2022 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон явдал нь Монголын ард түмний ган бат нөхөрлөлийн томоохон илэрхийлэл болсон. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг Япон Улсад албан айлчлал хийсэн нь миний хувьд маш том нэр төрийн хэрэг юм.


Намайг анх 1985 онд ирсэн үетэй харьцуулахад Монгол Улс маш их өөрчлөгдсөн. Миний мөрөөдөл бол Монгол Улс хөгжингүй орны эгнээнд шилжиж манай хоёр улс мөр зэрэгцэн хөгжиж буй орнуудыг дэмжин, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулах явдал юм. Ийм өдөр тун удахгүй ирж, биеллээ олно гэдэгт бат итгэлтэй байна.


Монгол Улс, Монголын ард түмэн эх нутгийнхаа байгалийн баялаг, өв соёлоо дээдлэн хүндэлж, бие биедээ найр тавин хүндэтгэлтэй хандаж, Их эзэн Чингис хааны аугаа их үйл хэргээс хавь илүү дэлхий дахиныг шагшин гайхуулсан түүхэн хөгжилд хүрээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Цаашид Та бүхэнтэй Монголд бас Японд дахин уулзахдаа баяртай байх болно. Энэ ёслолд хүрэлцэн ирсэн анд нөхөд Та бүхнээс надтай урьдын адил найзлан нөхөрлөхийг хүсэж байна. Миний дараа Элчин сайдын албыг хаших Игавахара сайд бол гайхалтай чадварлаг дипломатч бөгөөд Та бүхэн надад хандаж байсан шигээ түүнд тусалж, дэмжиж байхыг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм.


Хүндэтгэлийн ёслолд Монголын улс төр, бизнес, соёл урлагийн зүтгэлтнүүд, Монгол дахь Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл зэрэг 260 орчим хүн оролцож, хүндэтгэл илэрхийлэв




Холбоотой мэдээ