СЭЛЭНГЭ: Гадаад паспортыг сумандаа захиалан авах боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-22 07:22:31

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум гадаад паспортын захиалгын үйлчилгээг нэвтрүүлсэн анхны сум болоод байна.

 

Мандал сумын иргэд сумандаа ажлын 10 хоногт  гадаад паспортоо захиалан авах боломжтой болжээ.

 

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сумдад үндэсний энгийн гадаад паспортын захиалга, олголтын үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.

 

Дээрх ажлыг эхний ээлжид хүн ам олноор суурьшсан Мандал суманд гадаад эхлүүлсэн бөгөөд эхний гадаад паспортууд хэвлэгдэж, иргэдэд очиход бэлэн болжээ.  

 

Цаашид 2023-2024 онд багтаан аймгийн нийт сумдад үндэсний энгийн гадаад паспортын захиалга, олголтын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

Дээрх үйлчилгээг сумдад нэвтрүүлснээр иргэдэд үүсдэг олон дамжлагат цаг хугацааны болон эдийн засгийн алдагдлыг халж, иргэдэд ойртсон үр дүнтэй ажил болж байгаа юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, дундын мэдээллийн сангаар дамжуулан иргэдийн өдөр тутмын хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байна.

 

Ингэснээр иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг төрийн үйлчилгээний анхан шатны нэгжээс иргэн, хуулийн этгээдэд хүргэх ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ