Физикийн Нобелийн шагналын эзэд тодорлоо

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-07 09:55:03

СТОКГОЛЬМ. /NHK/. Энэ жилийн Физикийн салбарын Нобелийн шагналыг Японы эрдэмтэн Такааки Кажита болон Канадын эрдэмтэн Артур Макдональд нар хүртэхээр боллоо. Такааки Кажита нейтрино буюу эгэл бөөмүүд масстай болохыг баталсан байна.

Шведийн шинжлэх ухааны академи Нобелийн шагналыг хоёр эрдэмтэнд олгохоор болжээ. Кажита нь Токиогийн их сургууль дахь Сансрын туяа судлалын хүрээлэнгийн захирал юм. Харин Макдональд нь Канадын Кингстон дахь Хатан хааны их сургуулийн хүндэт профессор ажээ.

Физиологи болон анагаах ухааны салбарт энэ жил Японы иргэн Сатоши Омура Нобелийн шагнал хүртэж, араас нь Кажита физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэнээр нийт 24 япон уг нэр хүнд бүхий шагналын эзэн болоод байна.

Өнгөрсөн жил физикийн салбарт Японы гурван судлаач Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Кажита уг салбарт Нобелийн шагнал авсан 11 дэх япон болжээ.

Өдгөө 56 настай тэрбээр Японы Сайтама мужийн Хигасимацуяма хотод төрсөн байна. 1981 онд Сайтама их сургуулийн шинжлэх ухааны сургуулийг төгссөнийхөө дараа Токиогийн их сургуульд элсэн орж, 2002 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Масатоши Кошивад шавиар орсон байна.

1999 оноос тэрбээр Токиогийн их сургуулийн Сансрын туяа судлалын хүрээлэнд профессороор ажиллаж байгаад, 2008 онд тус хүрээлэнгийн захирал болжээ.

Энэ хугацаанд Кажита, Кошиба нар бие махбодийн үндсэн хэсгүүдийн нэг болох нейтринод судалгаа хийж байжээ.

Судалгааны дүнд Кажита нейтриног масстай болохыг анх удаа тогтоож, бөөм массгүй гэсэн физикийн онолыг няцаасан юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд