Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-28 09:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал 2023 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд болов.


Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн тэргүүн Д.Бум-Очир уншиж танилцуулсан юм. Тус хурлаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэн үйл ажиллагаагаа Төв Азид явуулахын сацуу Ойрхи Дорнод, бусад тивүүдийн нүүдлийн соёл иргэншлийн уламжлал бүхий улс орнуудыг судлах, соёл хоорондын нээлттэй, харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээг чухалчилж, дэлхийд тогтвортой байдал, энх тайвныг дэлхийг цогцлоох, хүн төрөлхтний соёлын олон янз байдлыг хадгалах, хөхиүлэн дэмжих, үүнийг эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт татан оролцуулах, цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар харилцан ярилцав.


Хуралд оролцсон Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү энэ сарын 7-22-ны өдрүүдэд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар ээлжит чуулганаар нүүдлийн соёлыг дэлхий дахинд сурталчлах, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншлийн түүх (UNESCO Collection “History of Nomadic Civilizations”) хэмээх цувралыг боловсруулж, дэлхий дахинд толилуулах төслийн санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн батлуулсныг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.


Төлөөлөгчид сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан,  соёлын байгууллага ЮНЕСКО-гийн мандатын хүрээнд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, ирэх жилүүдэд судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ дэлхий нийтэд сурталчлах зэрэг төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.


ЮНЕСКО-гийн ивээл дор ажилладаг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь 1998 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Маёорын санаачилгаар, Индонези, Казахстан, Киргиз, Турк, Монгол Улсын Засгийн газрууд хоорондын олон талт гэрээгээр байгуулагдсан, Монгол Улсад төвтэй ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн статустай олон улсын байгууллага юм. 1999 оноос хойших 24 жилийн хугацаанд нүүдлийн соёлын уламжлал бүхий улс орнууд ялангуяа ард иргэдийнх нь ахуй амьдралыг улс-нийгэм, төр, эдийн засаг-соёлын талаас судалж олон чухал судалгаа, бүтээл гарган ажиллаж байна.


Хуралд Казахстан, Киргиз, Монгол, Турк зэрэг улсын төлөөлөгчдөөс гадна ЮНЕСКО-гийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.

Холбоотой мэдээ