СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж, төсөл боловсруулах ажлын төлөвлөгөөг баталлаа.
Тодруулбал, хуулийн төслийн үзэл баримтлалд шаардлагатай
мэдээлэл, саналыг салбар бүрийн хүрээнд бэлтгэн боловсруулах, хуулийн төслийн
эхний хувилбарыг боловсруулж, хэлэлцүүлэг хийх, санал авч, үр нөлөөг үнэлэх ажлыг энэ ондоо багтаан гүйцэтгэхээр төлөвлөөп байна.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, СӨХ-ны
үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг
оновчтой тогтоох зорилгоор СӨХ-ны эрх
зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд
хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн
гуравдугаар сард ажлын хэсэг
байгуулсан билээ. Цаг үеийн
нөхцөл байдлаас үүдэн ажлын
хэсгийг 11 дүгээр сарын 24-нд шинэчилж, нийслэлийн Засаг
даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал
хариуцсан орлогч О.Номинчимэгийг
даргаар томилжээ. Ажлын хэсэгт УБЗАА, ХБХГ, Хотын стандарт, хяналтын газар, ОСНААУГ, Монголын СӨХ-ны дээд зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл багтдаг аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Холбогдох
хуулийн заалтуудын зөрчлөөс үүдэж олон асуудал, эргэлзээ гарч байна. Дундын
өмчлөлд хүлээх үүргийн хуваарилалтыг тодорхой болгож, хариуцлагыг сайжруулах,
хяналтын менежмент хийх шаардлагатай. Өмнөх хэлэлцүүлгээс гарсан саналд
үндэслэн асуудлуудаа ангилж, хэрэгцээ шаардлагаа тодорхойлъё. Сайн ажиллаж байгаа СӨХ-дтой уулзаж, туршлага судлах хэрэгтэй” гэлээ.
СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хуулийг 2003 онд баталсан бөгөөд СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж
буй асуудлыг шийдэх,
зохицуулах шаардлага хангахгүй
байгаа юм. Улаанбаатар дахь 1400
гаруй СӨХ-ны 307 нь орчныхоо газар ашиглах гэрээг нийслэлийн Газар зохион
байгуулалтын албатай байгуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.