Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-30 14:15:03

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтыг танилцуулах, дэд төвүүдийн тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо.


Баянхошуу, Сэлбэ дэд төвд бий болгосон дэд бүтцийг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах, эдийн засгийн эргэлт, бизнес, соёлын орчин бий болгох, зөв төлөвлөлттэй суурьшлын бүс байгуулах боломжийн талаар нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах чиг үүрэг бүхий байгууллага, төслийн нэгж, олон улсын байгууллагын төлөөллүүд ярилцсан юм.


Улаанбаатар хотын төсвөөр Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барих боломжгүй тул нийслэлийн холбогдох байгууллагуудаас гадна хувийн хэвшил, ногоон бүтээн байгуулалтыг дэмждэг олон улсын байгууллагын оролцоо чухлыг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд дурдлаа.



“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт дуусаж, Дамбадаржаа, Толгойт дэд төвийг байгуулах ажил үргэлжилж байна. Одоогоор Сэлбэ дэд төвийн 20 орчим хувийг ашиглаж байгаа учир тус дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа гэв.


Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Сэлбэ дэд төвийн талаар танилцуулахдаа, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил дууссан. Баянхошуу дэд төвийн эхний 800 айлын орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулна. Харин Сэлбэ дэд төв дэх гэр хорооллыг орон сууцжуулахаар 158 га буюу 2003 нэгж талбарыг чөлөөлж, эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барина. Тус хоёр дэд төвийн төлөвлөлтийн зураг төслийг олон улсын зөвлөх үйлчилгээ оролцуулан гүйцэтгэх тендер зарлаад байна. Олон улсын жишигт нийцүүлэн, ногоон орон сууц төлөвлөсөн. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар газар эзэмшиж байсан өрхүүдээс гадна Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь-Эх орчмын айлууд орон сууцанд орох боломжтой. Орон сууцжуулахдаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн цогцолбор хорооллыг байгуулна хэмээжээ. 

Холбоотой мэдээ