Нийслэлийн орлого 1.9, суурь зарлага 1.1 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-30 14:22:00

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ХХ хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай, нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах юм


2024 оны нийслэлийн төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн хэлэлцэж байна.


Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав. УИХ-аас нийслэл Улаанбаатар хотын төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56-ийн 2-ын 2-д зааснаар 230.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн сангаас нийт  47.8 тэрбум төгрөгийг хуваарилахаар тус тус заасныг тэрбээр мэдээллээ.

Төсвийн нийт зарлагын 46.3 хувийг урсгал зардалд зарцуулах аж. Үүнд:

  • төрийн албан хаагчдын цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн 109 байгууллагын 7087 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл,
  • алслагдсан 3 дүүрэг ажиллаж буй төрийн албан хаагч болон соёлын байгууллагын ажилтнуудад олгох тэтгэмж,
  • холбогдох хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардал,
  • нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардал эзэлж байна.

 Төсвийн тухай хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 20-нд 9 дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс 630 гаруй санал ирүүлснийг Засаг дарга онцоллоо.


Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хотын эдийн засгийг тэлэх зэрэг бодлогыг баримталсан аж. Тэр тусмаа УИХ-аар баталж буй нийслэлтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад 2024 оны төсөв чиглэж буйг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэллээ.

Холбоотой мэдээ