БУЛГАН: Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-01 09:59:12

Булган, арванхоёрдугаар сарын 1  /МОНЦАМЭ/. Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийн удирдлага ба тогтвортой хөгжил” сэдэвт сургалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 14 алба хаагч оролцож байна.

 

Арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-нд зохион байгуулж буй гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдийг олон улсын сайн туршлагаас суралцах, хот суурин газрын гамшгийг даван туулах чадавх, хөгжлийн тогтвортой байдалд гамшгийн үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй ойлголт мэдлэгийг олгох зорилготой тус сургалтад Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцож байна.

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаад таван жил болж байгаа аж.



 

Холбоотой мэдээ