Аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-01 09:48:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Аялал жуулчлалын судалгаа 2023" эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагын төлөөлөл 30 гаруй сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэв.


Шинжлэх ухаанч, тооцоо судалгаатай шийдвэрүүд нь салбарын хөгжлийг тодорхойлсноор олон улсад Монголын нэр хүндийг зөвөөр таниулахад чухал, тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүн 2024, 2025 онд илүү мэдрэгдэнэ гэдгийг зарим судлаач хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.


Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсын түвшинд хүргэх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа шаардлагатай байгаа. Иймд төр хувийн хэвшил, салбарын эрдэмтэн судлаачид нэгдэн ажиллахаар Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулсан билээ. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх тус холбоо төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, ТББ-ын оролцоог хангуулж, уялдаа холбоо сайжруулах, нэгдсэн санал дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа.


Аялал жуулчлалын салбарыг сэргээх хүрээнд энэ онд Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс хийсэн тооцоо, судалгаанд үндэслэн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг нэмэх ажлыг эхлүүлжээ. Нэн тэргүүнд аялал жуулчлалыг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулж, шилдэг оюутан залууст БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгон, төгсөх курсийн оюутнуудыг цалинтай дадлага хийх боломжоор хангасан нь үр дүнгээ өгч эхнээсээ эрэлт, нийлүүлэлтээ хангаад эхэлснийг дурдаж байлаа.


Хурлыг “Аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлнэ” зорилтын хүрээнд зохион байгуулж, эрдэмтэн судлаач, салбарын төлөөлөл, оюутан залуус гээд 200 гаруй хүн оролцжээ.

 

Холбоотой мэдээ