БАЯН-ӨЛГИЙ: Залуу багш нар тулгамдсан асуудлуудаа эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн залуу багш нар эвлэлдэн нэгдэж "Аймгийн Залуу багш нарын холбоо" нэртэй төрийн бус байгууллагыг саяхан байгуулсан байна.
Тус холбоо нь залуу багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагаа, эв нэгдэл, санал, санаачилга, ололт амжилтыг дэмжих, боловсролын салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд залуу багш нарын бодит оролцоог бий болгох зорилготой.
Холбооны тэргүүнээр нийгмийн ухааны улсын олимпиадын хошой аварга, Өлгий сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Ш.Ерген ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн Залуу багш нарын холбооноос аймгийн боловсролын салбар дахь тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийн гарц, шийдлийг олох зорилгоор "Залуу багш нарын боловсролын салбар дахь оролцоо, манлайлал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд 10 гаруй багш оролцож, салбарын тулгамдсан
асуудлуудын хүрээнд бичсэн илтгэлүүдээ тавьж хэлэлцүүлэв. Шүүгчдийн өгсөн
үнэлгээгээр "Зайд" сургуулийн нийгмийн ухааны багш А.Өзгерис "Залуу багш нарын онолын болон заах аргын
хөгжилд нөлөөлөх хүчин зүйл, сайжруулах арга зам" сэдэвт илтгэлээрээ тэргүүн
байр эзлэв.
Удаах байрт Өлгий сумын тавдугаар сургуулийн багш Х.Толхын, Б.Дилдагүл, Ж.Сайрангүл, Эмпати сургуулийн багш М.Саулегүл, С.Тансауле, Өлгий сумын нэгдүгээр сургуулийн багш С.Ахерке нар шалгарав.
"Залуу багш нар асуудлыг маш сайн олж харж, илтгэлээ судалгаатай, гарц
гаргалгаатайгаар бичсэн байна. Илтгэх чадвар нь ч сайн байсан" гэдгийг аймгийн
БШУГ-ын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний бага хурлын шүүгч С.Ерия онцоллоо.