Google-ийн хөтөлбөрт Монголын 1500 залуу хамрагдахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-01 14:01:15

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч Google компани өөрийн Google Career Certificate хөтөлбөрт Монгол Улсаас 1500 залууг хамруулахаар боллоо.


Энэ талаар тус компанийн төлөөлөл, Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Колин Марсон Google компаниас манай улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах уулзалт дээр мэдээлсэн юм.


Түүнчлэн БШУЯ-тай хамтран ЕБС-ийн багш нарыг 20 мянган ширхэг chromebook зөөврийн компьютероор хангаж, Боловсролын ерөнхий газар, Teach for MongoliaТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10 мянган багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон сургалтаар хэрэгжүүлэхээр боллоо.


Мөн ЦХХХЯ-тай хамтран их өгөгдлийн шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон хөтөлбөр, улмаар Google Cloud, Google for Startups хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээхээр ажиллаж байна. Түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн Монгол хувилбарыг хөгжүүлж, дөнгөж хэрэглэгчдийн гар дээр нэвтрүүлээд байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ онд АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд Google компани Монгол Улсын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, Монгол Улсын цахим шилжилт, боловсрол, залуусын хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.


Тодруулбал, тус компани Монгол Улсын эрч хүчтэй залуу хүн ам, эрчимтэй хэрэгжүүлж буй цахим шилжилтийг өндрөөр үнэлж, бүс нутагтаа цахим шилжилтээрээ түүчээлж, Цахим үндэстэн болох үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой түншлэлийг хэрэгжүүлж эхлээд байна.


Монгол Улсын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж байгаагаас гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа ийнхүү зарлаад байна.  


Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ЦХХХ-ны сайд Н.Учрал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган оролцов.

Холбоотой мэдээ