Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-01 16:55:11

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн батламжаа өнөөдөр гардлаа.


Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Засгийн газар, нийслэлийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэхэд энэ үйл ажиллагаа томоохон үүд хаалга нээж байна. Эсгий урлал бол Монгол төдийгүй дэлхий дахинд танигдсан байгальд ээлтэй, “амьсгалдаг” технологи учир олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Үндэсний хувцас, эсгий урлал, ардын бүжгийг бүтээлч үйлдвэрлэлээр хотын эдийн засгийг нэмэх боломжтой” гэлээ.


ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ” нь 2004 оны зургаадугаар сард байгуулагдан, 80 гаруй улсын 355 хот нэгдсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө соёл, бүтээлч байдал, инновацад хөрөнгө оруулалт хийж буй хотуудын олон улсын хамтын ажиллагааг нэмэх зорилготой санаачилга юм.


ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэнээр олон давуу тал бий болж байна. Мөн олон улсад танигдах чухал алхам хийж, олон хоттой хамтран ажиллах боломж бүрдэнэ. Улаанбаатар хот жуулчдад нэгэн зэрэг олон зүйлийг санал болгох боломжтой хот гэдгээрээ онцлог. Бүтээлч байх нь тогтвортой хөгжлийн үндэс. Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн албан ёсны оффисыг байгуулахаар ярилцана” хэмээв.


“Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орохын тулд улс орнууд өөрсдийн хотын соёлын үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өв тээгчдийн нөөц, дэд бүтцийн хөгжлийн онцлогоос хамааран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбараас (уран зохиол, хөгжмийн урлаг, кино урлаг, дизайн урлаг, хоолны урлаг, хэвлэл мэдээллийн урлаг, гар урлал ба ардын урлаг) сонгон хүсэлт хүргүүлдэг.


“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монгол Улсын хүн амын 60 хувь нь нийслэлд ажиллаж, амьдардаг. ДНБ-ий 64 хувь буюу 35 их наяд гаруй төгрөгийг энд “үйлдвэрлэдэг”. ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсноор ЖДҮҮ эрхлэгчид шинэ түвшинд гарч, дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулаад зогсохгүй хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх давуу талтай” гэсэн юм.  


 “Бүтээлч хотуудын сүлжээ” (UCCN)-нд нэгдсэнээр гишүүн хотууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:

-Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

-Сайн туршлага, мэдлэг, шилдэг ололт, амжилтаа хуваалцах,

-Соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,

-Хотуудын туршлагад суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах,

-Хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хамтран боловсруулах,

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах багтаж буйг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ

Холбоотой мэдээ