БАЯНХОНГОР: “Сонсох өдөр” өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2023” хэлэлцүүлэг, “Сонсох өдөр” өдөрлөгийг Баянхонгор хотноо энэ сарын 3-нд зохион байгууллаа. Өдөрлөгийг аймгийн хэмжээнд бүх суманд нэг өдөр, нэг цагт зохион байгуулснаараа онцлог.
НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон анх 1981 онд зарласан бөгөөд манай улс 33 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв.
Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Тус үйл ажиллагаа хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн нэг гишүүн байж бусдын адил сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, эрүүл амьдрах, мэдээ, мэдээллийг адил тэгш авах эрхтэйг олон нийтэд ойлгуулж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг нийгмийн бүхий л давхаргад бий болгох, адил тэгш эрх эдлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой.
Өдөрлөгт Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоод, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, тусгай хэрэглэгдэхүүний дэлгүүр оролцож, төрөөс үзүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгч, тэдний дуу хоолойг сонссон юм. Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй иргэн оролцжээ.
Хэлэлцүүлэг, өдөрлөгөөс гарсан санал, шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл болон сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг ханган ажиллана.
Баянхонгор аймагт 26737 өрхийн 89643 хүн амьдарч байгаагийн 3988 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Дээрх иргэдийн 1498 нь төрөлхийн, 2490 нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас олдмол хөгжлийн бэршээлтэй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл ердийн өвчин 77 хувь, ахуйн ослоор 15 хувь, үйлдвэрлэлийн осол 1 хувь, зам тээврийн осол 4 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчин 3 хувийг тус тус эзэлж байна.