ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 42 эмийн сан ЭМД-аар үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-04 14:37:18

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгодог 657 нэр, төрлийн эм байдаг аж. Эдгээр эмийг эмчийн бичгийн дагуу 42 эмийн сан олгож, эрүүл мэндийн даатгалаар үйлчилж байна.

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн бичгийг ӨЭМТ-ийн их эмч, нарийн мэргэжлийн болон хувийн хэвшлийн эмч нар тухайн иргэний өвчний түүхэнд тулгуурлан олгодог болсон аж.




Өмнө нь зөвхөн ӨЭМТ-ийн эмчийн бичгээр олгож, эмийн сангууд санхүүжилтээсээ шалтгаалан сар бүрийн 1-10-ны дотор иргэдэд үйлчилдэг байсан. Харин одоо санхүүжилт нь эмийн сангуудад хүртээмжтэй болсон тул эмчээс бичиг авснаас долоо хоногийн дотор улсын хэмжээнд даатгалаар үйлчилдэг аль ч эмийн сангаас авах боломж бүрджээ.




Аймгийн хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллага долоо, 70 гаруй эмийн сан үйлчилгээ явуулдаг бөгөөд үүнээс 42 нь ЭМД-аар үйлчилж байгаа нь Дархан-Уул аймгийн нийт хүн амын дунд хангалттай хүртээмжтэй гэж ЭМГ-ын эмийн мэргэжилтэн Ж.Урангоо мэдэгдлээ.




Эрүүл мэндийн даатгалд хамрагдах хэд, хэдэн төрөл байдаг аж. Тодруулбал 18 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ харж буй эхчүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг.


Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан засгийн газрын тогтоолын дагуу шимтгэлээ өөрсдөө төлдөг аж. Харин хөдөлмөр эрхэлж буй иргэд гэрээний дагуу ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн хөлснөөс нийт дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэл болгон төлдөг ажээ.


Ташрамд, өөрт учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг хамгаалах шимтгэл төлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах процессыг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хэмээн энгийнээр ойлгож болно гэж албаны төлөөлөл тайлбарлаж байна. 

Холбоотой мэдээ