Сайн дурын ажилтнуудын эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-04 15:22:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын сайн дурын ажилтнуудын өдөр 12 дугаар сарын 5-нд буюу маргааш тохионо.


Энэ өдрийг угтан Монголын Сайн дурын ажилтнуудын форум мөн өдөр болох гэж байна. Энэ талаар Монголын Сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа, Монголын Улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ахлагч Н.Мөнхжин нар өнөөдөр мэдээллээ.


Энэ удаагийн форум хүүхэд хамгааллийн асуудалд төвлөрч, үүнд орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаар хэлэлцэн залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцана гэв. Форумд ХНХ-ын болон БШУ-ы сайд нар, ХЭҮК, МУЗН, Монгол Улс дахь НҮБ болон Энх тайвны корпус зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөл оролцох аж.


Олон улсын сайн дурын ажилтнуудын өдрийн талаар Монголын Сайн дурынхны төвийн захирал Б.Цэвэлмаа, манай улс олон улсын сайн дурынхны өдрийг 2006 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн. Энэ өдөр сайн дурынхантай ажилладаг, энэ талын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг урьж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг жил бүр хэлэлцэн, юуг сайжруулж дэмжин ажиллах талаар хоорондоо ярилцаж нэгдэн тохирдог. Сайн дурын үйлсэд албан болон албан бусаар олон зуун хүн хүчин зүтгэж байдаг. Албан шугамаар гэдэг нь байгууллага төвтэй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар зохион байгуулалтад ордог бол албан бус гэдэг нь иргэд 2-3-уулаа болон байгууллага, сургууль, анги хамт олноороо нийгмийн тулгамдаж буй үйл ажиллагаанд сайн дураар оролцон хувь нэмрээ оруулдаг юм.



Олон улсын сайн дурынхны өдрийг энэ жил “Сайн үйлсэд хүн бүр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.  


Бие биенээ гэсэн нийгмийн тус дэм бүхий харилцааны уур амьсгалыг нийгэмд түгээдэг, илүү аюулгүй, аз жаргалын индексээр дэлхийн бусад улс оронтой эн зэрэгцэхүйц оршин тогтнож, ажиллаж, амьдрах гэсэн үзэл санаан дээр сайн дурынхан нэгддэг. Жил ирэх тусам нийгэмд сайн дурынхны эрэлт нэмэгдсээр байна хэмээн ярилаа.


Өнөөдрийн уулзалтыг хүүхдийн “Ид шидийн орон”-ы үйл ажиллагаа болон Тогтвортой хөгжлийн боловсролыг сайн дураар түгээн ажилладаг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб зохион байгууллаа.


Тодруулга: Өнөөдөр Монгол Улсад 50 гаруй байгууллагын 21 мянга гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна. Нэг ёсондоо Монгол Улсын 50 хүн тутмын нэг нь сайн дурын ажил хийдэг. Судалгаагаар тэдний ажлыг мөнгөн дүнд шилжүүлвэл 4.4 тэрбум орчим төгрөг болжээ. Манай улс сайн дурын ажилд зориулсан цагаар дэлхийд эхний 10 орны тоонд багтдаг байна.



Холбоотой мэдээ