Хороодын хамтарсан хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан хурлын дэргэдэх хороод хамтарсан хуралдаан хийж ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Тодруулбал, НИТХ-ын Эдийн
засаг, төсвийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Хүний хөгжлийн хорооны
хурал болж, нийслэлийн 2024
оны төсвийн төсөл, бусад
асуудлыг хэлэлцэж, санал солилцсон
юм.
Төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
П.Сайнзориг танилцуулав. Хурлын
үеэр төлөөлөгчид дүүргүүдэд тулгамдаж буй асуудал, сургууль, цэцэрлэг,
эмнэлгийн барилгын ажил, газар чөлөөлөлт, зам засвартай холбоотой төсвийн
хөрөнгө оруулалтын талаар асууж, хариулт авлаа. Төлөөлөгч Б.Нэргүй төсвийн зарлагын талаар хөндөж, нийслэлийн төсвийн орлогоо нэмэхэд анхаарал хандуулахыг сануулсан бол төлөөлөгч Д.Гантулга БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгийн
өргөтгөлийн барилга, төлөөлөгч Н.Баярмөнх хот тохижилтын байгууллагыг дүүрэг
рүү шилжүүлж буйтай холбоотой санхүүжилтийг тодрууллаа.
Баянгол дүүргийн 25,28-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн байр
шинээр барих ёстой ч газрын асуудлыг шийдээгүй тул бэлэн обьект
худалдаж авах шаардлагатайг МАН-ын бүлгийн
дарга Д.Ихбаяр хэлжээ. Төлөөлөгч
Л.Ариунтуяа нийгмийн дэд бүтцийн зарим асуудлыг шийдэх үүднээс газар чөлөөлөлтийг
Чингэлтэй дүүрэгт идэвхтэй хийж байгааг тодотгоод, зардлыг нь шийдэх
ёстойг онцлов. Төлөөлөгчид
төсвийн зарлагаас гадна орлогыг нэмэхэд анхаарч, татвар бүрдүүлэгч ААН, хувийн
хэвшлээ дэмжих, хүнд хөдөлмөр эрхэлж буй ажилчдын цалин орлогыг нэмэх, он
дамжсан ажлаа эрэмбэлэн дуусгах шаардлагатайг сануулсан юм.
Түүнчлэн, үл
хөдлөх эд хөрөнгө, нийслэл
хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, нийслэлийн 2023 газар зохион байгуулалтын
төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нийтийн эдэлбэр газрын байршил
хэмжээг тогтоох, өмчид
барилга байгууламж бүртгэх, хасах асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ХХ хуралдааны 2
дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлэг маргааш болохыг НИТХ-ын ХМТ мэдээлэв.