Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхэд 2024-2033 онд ажиллах шүүгчээр сонгогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-05 12:19:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхэд 2024-2033 онд ажиллах шүүгчээр сонгогджээ.


Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган  болж байна. Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдөр ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах 6 шүүгчийн сонгууль болжээ. Энэхүү сонгуульд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшин өрсөлдөж, эхний шатны санал хураалтаар нийт санал өгсөн 114 улсаас 81 санал авснаар ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр сонгогдон ажиллахаар болсон байна.


ОУЭШ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй  байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага юм. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс батласан. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсон.


Энэхүү өндөр хариуцлага, ач холбогдолтой олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдсөнөөс манай улсын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй, сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар юм.


Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 30 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол Улсын шүүгч ийнхүү ОУЭШ-ийн шүүгчээр анх удаа сонгогдон ажилласнаар олон улсын эрх зүй, тэр дундаа олон улсын эрүүгийн эрх зүйн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахаас гадна Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.


Тэрбээр олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол Улсын шүүгч болж  байна. 

Холбоотой мэдээ