Сайн дурынхны өдрийг “Сайн үйлсэд хүн бүр” уриан дор тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын сайн дурынхны өдөр өнөөдөр тохиож байна.
Эдийн
засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурын ажилтнуудын өдрийг НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1985 оноос тэмдэглэж иржээ. Энэ өдөрт зориулсан Монголын
Сайн дурын ажилтнуудын форум өнөөдөр боллоо.
Форумд ХНХЯ, БШУЯ, ХЭҮК, МУЗН, Монгол Улс дахь НҮБ болон Энх тайвны корпус зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөл оролцож, Монгол Улс Сайн дурын ажилтны тухай бие даасан хуультай болох талаар хэлэлцсэн юм.
Учир нь манай
улсад сайн дурын ажлыг 2019 онд баталсан Засгийн газрын журмаар зохицуулсаар иржээ. Энэ нь
зөвхөн сайн дурын ажил хийсний дараа бүртгэдэг бүртгэлийн журам аж. Түүнчлэн гамшгаас хамгаалах үед сайн дурынхны ажиллах журмыг баталсан байдаг юм байна. Тэгвэл бусад улсад сайн дурын ажилтнуудын үйл ажиллагааг бие
даасан хуулиар зохицуулдаг байна.
Олон улсын сайн дурынхны өдрийг 2022 онд “Сайн дурын үйл ажиллагаанд хүсэл зоригоор нэгдье!” уриан тэмдэглэсэн бол 2023 онд “Сайн үйлсэд хүн бүр!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ удаагийн форум мөн хүүхэд
хамгааллийн асуудалд төвлөрч, үүнд орон нутгийн иргэдийн оролцоог хангах талаар
хэлэлцэн залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль
эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцлаа.
Форумын үеэр Монголын
сайн дурынхны төв байгууллагаас залуучуудын
сайн дурынхны хууль эрх зүйн орчны судалгааг үндэсний хэмжээнд хийснийг танилцууллаа. Судалгаанаас сайн дурын байгууллагуудын үйл ажиллагааг чиглэлээр нь харвал:
- залуучуудын
хөгжлийн чиглэлээр сайн дурын нийт
оролцогчдын 48 хувь,
- 50 хувь нь боловсролын,
- 75 хувь нь олон
нийтийн хөгжлийн,
- 36.5 хувь нь эрүүл
мэндийн чиглэлээр ажиллаж байна.
- байгалд
орчин хамгааллын чиглэлээр 32.6 хувийг эзэлдэг байна.
COVID-19 цар тахлын
улмаас алсын зайн (цахим) сайн дурын ажилд оролцох нь нэмэгдсэн. Монгол Улсад олон нийтийн хөгжлийн чиглэлээр сайн дурын
ажил хийх нь хамгийн түгээмэл байна. Энэ
чиглэлд залуучуудын хөгжил, боловсрол орж байна.
“Ковид-19” цар тахал нь сайн дурын ажлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхөд түлхэц
болснийг уг судалгаа харуулжээ.
Манай улсад өнөөдөр сайн дурын 20 мянга гаруй ажилтан ажиллаж байна. Цаашид хүүхэд хамгаалал, боловсролын салбарт 500 гаруй сайн дурынхныг үндэсний хэмжээнд ажиллуулахаар зорьжээ.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг (МУЗН)-ийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ахлагч Б.Мөнхжин, “Манай байгууллагаас аймаг бүрт 15 хүний бүрэлдхүүнтэй Гамшигаас хамгаалах баг ажиллаж, үерийн болон ган, зуд, байгалийн бусад учирч болох гамшигт эрсдэлийн үед иргэдийг хамгаалах, туслах тусгай журмын дагуу ажиллаж ирсэн. Сүүлийн үед “Монголын сайн дурын төв”-тэй хамтран ажиллаж байна” гэв.