ОРХОН: Энэ онд эрүүл мэнд, боловсролын салбарт дийлэнх хөрөнгө оруулалтаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-05 15:32:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2023 оны биелэлтийг хэлэлцэн 91,1 хувьтай дүгнэлээ. 


Энэ онд эрүүл мэндийн салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьд хүрэв. Боловсролын салбарт улс болон орон нутгийн төсвийн 20,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 92 хувийг стандартад нийцсэн ширээ, сандлаар хангалаа.


Орон нутгийн төсвийн 2,65 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хот тохижуулах газрын парк шинэчлэлтийг хийжээ. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас 5 төсөлд 894 сая, Хоршоо хөгжүүлэх сан”-аас 27 иргэн, аж ахуйн нэгжид 533 сая төгрөгийн зээл олгов.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж энэ онд таримал ойн хэмжээг 36,76 га талбайгаар нэмэгдүүлж, өссөн дүнгээр 92,76 га талбайд нийт 3,3 сая мод тарьж, ойн төгөл, зурвас байгууллаа.


Улсын төсвийн 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст багийн цогцолбор төвийн барилгыг энэ онд ашиглалтад орууллаа. “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн иргэдэд зориулсан Смарт Эрдэнэт платформыг байгуулав. Мөн энэ онд орон нутгийн 735 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 133 камерыг шинээр суурилуулсан байна.


  

Холбоотой мэдээ