АРХАНГАЙ: Цасанд сууж, амь эрсдэх эрсдэлтэй 10 дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар өчигдөр болон урд шөнө цасаар шуурсан.
Аймгийн ОБГ-т 12 дугаар сарын 4-ний 9.00 цагаас 5-ны 9.00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд найман сумаас 10 дуудлага иржээ. Эдгээр дуудлага нь Хангай, Тариат, Эрдэнэмандал, Хайрхан, Хашаат, Цэнхэр, Булган, Эрдэнэбулган суманд хүчтэй салхи шуурганы улмаас төөрсөн, тээврийн хэрэгсэл цасанд суусан, хөлдөж, амь эрсдэх эрсдэлтэй дуудлагууд байв.
ОБГ-аас яаралтай арга хэмжээ авч, 5 сумын удирдлагуудтай холбогдон үүрэг чиглэл өгч, 8 дуудлагад сумын мэргэжлийн ангийн 32 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэй ажиллаж, 25 хүний амь нас, 5 машиныг авран хамгаалжээ.
Харин
ОБГ-ын аврах ангийн алба хаагчид Цэнхэр сумын Алтан овоо багийн Тээлийн ам
хэмээх газар Өлзийт сумаас аймгийн төв рүү зорчиж явсан 4 машинтай, 16 иргэн
цасанд суусныг, Тариат сумын Хорго багийн Босго хэмээх газар Хангай сумаас
Ихтамир сум руу зорчиж яваад цасанд суусан нэг иргэнийг машины хамт аюулгүй
газар хүргэжээ.