БАЯН-ӨЛГИЙ: Нийт нутгийн 80 орчим хувь нь зудын эрсдэл ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арван хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт нутгийн 50 гаруй хувь нь өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар цасан бүрхүүлтэй байна.
Булган сумын Улаагчин, Алтай сумын Харнуур, Улаанхад, Бардам, Цэнгэл сумын Шарговь, Борбургас, Загастнуур, Улаанхус сумын Согоог, Их Ойгор, Толбо, Ногооннуур сумын Асгат, Улаанчулуу, Сагсай сумын Харчулуут, Цагаан асгат, Даян, Баяннуур сумын Цагаан арал, Нуурын хөвөө, Цамбагарав уулаараа 15-40 см цастай.
Аймгийн нийт нутгийн 20 орчим хувьд зуд болох дунд зэргийн эрсдэлтэй, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гэсэн судалгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргаад байна.
Зудын эрсдэлийг сум, багаар авч үзэхэд, Ногооннуур сумын Асгат, Улаанчулуу, Сагсай сумын Харчулуут, Цагаан асгат, Даян, Алтай сумын Бардам, Цэнгэл сумын Шарговь, Борбургас, Улаанхус сумын Их Ойгор, Харчулуут, Дэлүүн, Булган сумын ихэнх баг, Толбо сумын нийт баг, Баяннуур сумын 2 дугаар багийн баруун хойд хэсэг нь их эрсдэлтэй буюу нэн эрсдэлтэй, Улаанхус сумын Дэрст, Баянзүрх, Сагсай сумын Ямаат, Бөхөн, Уужим, Бугат сумын ихэнх багийн нутаг дунд зэргийн эрсдэлийн зэрэглэлд оржээ.
Тус аймгийн нутгаар зун гандуу байснаас бэлчээрийн нэгжийн ургац бага,
малын тарга хүч дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх,
оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой өссөн, бэлчээрийн өвс
ургамал цасанд дарагдах, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурах, мал борлуулах зах
зээл бага зэрэг хүчин зүйлс нь зудад өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа
ажээ.