Сурагчдын амьдралын сэтгэл ханамжийн үнэлгээ олон улсын түвшнээс дээгүүр гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-06 12:43:02

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс олон улсын PISA 2022 үнэлгээнд анх удаа хамрагдаж, сурагчдын амьдралын сэтгэл ханамжийн байдал нь олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарлаа.


Тодруулбал, энэ үнэлгээний олон улсын дундаж 6.4, Азийнх 7 хувь бол Монгол Улсынх 7.2 хувь буюу сурагчдын сэтгэл ханамж өөдрөг, гэгээлэг, итгэлтэй дүн гарсныг БШУЯ-наас өчигдөр PISA 2022 тайланг танилцуулах үеэр сайд Л.Энх-Амгалан онцлоод, энэ дүнг гүнзгийрүүлэн судална, учир нь цар тахлын дараа “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосон, сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулсан, өсвөр нас, үе тэнгийнхний дээрэлхэлттэй холбоотой хөтөлбөр хэрэгжүүлсэн нь нөлөөлөсөн байж болох юм хэмээв. 



Монгол Улс PISA 2022 үнэлгээгээр 81 орноос 47 дугаарт, анх удаа хамрагдсан 6 орноос нэгдүгээрт жагссан байна. Математикийн чадвараар OECD (Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын дундаж 472, Азийнх 451, Монгол Улсынх 425 оноо авсан нь олон улсын дунджаас 2.3 жил, Азийн үзүүлэлтээс 1.2 жилийн хоцрогдолтой байгаа юм.

Түүнчлэн, математикийн чадвараар төрийн өмчийн сургууль 426, хувийнх 417, унших чадвараар улсын сургууль 380, хувийнх 366, байгалийн ухааны хувьд улсын сургууль 414, хувийнх 404 үнэлгээ авсан нь Монгол Улсын хувьд төр, хувийн сургуулийн ялгаа байхгүй дүгнэлт гарсан байна. Математикийн ур чадварын хувьд манай улсын 15 настай 2 хүүхдийн нэг нь суурь түвшинд хүрэхгүй байна. Харин нийт хамрагдсан сурагчийн 2.3 хувь нь дундаж үзүүлэлтээс дээгүүр, топ үнэлгээтэй байв. Үүнд “Монгол тэмүүлэл”, нийслэлийн 11 дүгээр дунд сургууль, Дархан, Сэлэнгэ аймгийн сургуулиуд амжилттай үзүүлэлттэй гарчээ. 



Унших чадварын үнэлгээгээр олон улсын дундаж 476, Азийнх 427, Монгол Улсынх 378 оноо авч 65 дугаарт бичигдэн, олон улсын дунджаас 5 жил, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой байна. Энэ нь унших, эргэцүүлэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар бөгөөд гурван хүүхдийн 2 нь унших чадвар суурь түвшинд хүрэхгүй байгаа тул цаашид энэ чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Унших чадвараар “Монгол тэмүүлэл”, нийслэлийн 23 дугаар сургууль амжилттай үнэлүүлжээ.



Байгалийн ухааны чадварын тухайд олон улсын дундаж 485, Азийнх 449, Монгол Улсынх 412 оноо авч, 53 дугаарт бичигджээ. Шинжлэх ухааны эрэл хайгуул хийх үр дүн олон улсынхаас 3 жил, Азийнхаас 1.8 жилийн хоцрогдолтой байна. Энэ чадвараараар “Шинэ Монгол”, “Монгол тэмүүлэл”, нийслэлийн 11 болон 84 дүгээр сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сургууль сайн үнэлгээ авлаа. Манай улсын сурагчдын гүйцэтгэлийн хувьд дээд доод түвшний ялгаа бага гарчээ. Байгалийн ухааны мэдлэг, ур чадварын тухайд хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрээгүй аж.



Мөн манай улсын хот, хөдөөгийн боловсролын түвшин ялгаатай нь PISA үнэлгээнээс харагдаж байна. Тодруулбал, математикийн чадварын нийслэлийн дундаж 447, аймгийнх 415, сумынх 392 байгаа нь сумын сургууль нийслэлийнхээс 1.5 жилийн хоцрогдолтой байна. Унших чадварын хувьд нийслэлийнх 402, аймгийнх 365, сумынх 346 үнэлгээтэй байгаа нь сумын сургууль нийслэлийнхээс 1 жилийн хоцрогдолтой гарчээ. Байгалийн ухааны чадвар нийслэлийнх 414, аймгийнх 402, сумынх 382 байгаа нь сумын сургууль нийслэлийнхээс 2.6 жилийн хоцрогдолтой байгаа аж.


Монгол Улсыг бусад орныхтой харьцуулахад хүйсийн ялгамж ажиглагдаагүй, сурагчдын амжилтад нөлөөлөх хүчин зүйлс их байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурдаад, “PISA-д хамрагдсан 196 сургуулийн 86 хувь нь нийгэм эдийн засгийн үзүүлэлт муу дүнтэй гарсан. Хүүхдийг бага наснаас нь амжилтыг сайжруулахад анхааръя. Эдгээр үзүүлэлтэд эцэг эхийн боловсролын түвшин, орлого шууд холбоотой байдаг. Өрхийн орлого сайжрахын хэрээр хүүхдийн сурах орчныг бүрдүүлэн, давтлагад хамрагдуулснаар амжилт нь дээшилдэг. Иймд эцэг эхийн боловсролыг дээшлүүлэх, орлогыг нэмэх бодлого боловсруулах хэрэгтэй байна” гэлээ.


Багш сурагчдын хоорондын харилцааны талаарх асуулгад сурагчдын сэтгэл санаа ямар байгаад багш төдийлөн анхаардаггүй, энэ нь сургалтын амжилтад нөлөөлдөг дүгнэлт гарсан байна. Үнэлгээнд хамрагдсан сурагчдын 78 хувь нь багш анхаарал тавьдаггүй, 77 хувь нь багш хүндэтгэлтэй ханддаг, 74 хувь нь сэтгэл хангалуун байдаг, 42 хувь нь сэтгэл гутарсныг багш анзаардаг гэж хариулжээ. Мөн монгол сурагчид цахим, зүүм, видеогоор суралцахад өөртөө итгэх итгэл нь дундаж гарсан ч бусад орныхтой харьцуулахад өндөр байна. Интернэтийг 1-3 цаг ашиглахад сурах үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй, үүнээс илүү цагаар ашиглах нь сөрөг байх магадлалтай гэжээ. Цахим технологиос хол үед үгүйлж бухимдах нь бусад орныхтой харьцуулахад "эрүүл" байна. Олон улсын дунджаас харахад манай 10 сурагчийн нэг нь өөрийгөө аюулгүй байна гэж мэдэрдэггүй хэмээжээ. Манай улс материал хэрэгсэл, хүний нөөцийн хүрэлцээгүй байдал нэлээд дутагдалтай гарчээ. Энэ нь сурах үр дүнд сөрөг үр нөлөөг авчирдаг аж.


Манай улс PISA үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч түүврээр сонгогдон оролцож, математик, унших чадвар, байгалийн ухааны чадвараа компьютерт суурилсан хэлбэрээр үнэлүүлсэн юм. PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хугацаанд боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай суралцагчийн суурь мэдлэг, чадварын хэрэглээ, амжилтыг үнэлдэг ЭЗХАХБ-ын жишиг хэрэгсэл юм. PISA-г 2000 оноос хойш гурван жил тутамд зохион байгуулдаг. Өнгөрсөн оны үнэлгээнд 81 улсын 690 мянган 15 настай суралцагч оролцож, суурь боловсролыг хэрхэн эзэмшсэн, мэдлэг чадвараа амьдралд яаж  ашиглаж байгаагаа унших чадвар, математик, байгалийн ухааны чиглэлээр үнэлүүлсэн юм. Энэ удаад математик чадвар голлох, бүтээлч сэтгэлгээний чадварыг нэмэлтээр оруулснаараа шинэлэг болжээ. Үнэлгээг 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 5 дугаар сарын 14-ний хооронд зохион байгуулж, Узбекистан, Сальвадор, Жамайка, Палестин, Монгол Улс шинээр хамрагджээ.


Монгол Улс PISA-д амжилттай нэгдлээ, сурагчид цар тахлын дараах хоцрогдолтой үед үнэлгээнд хамрагдсан нь том сорилт болсныг сайд Л.Энх-Амгалан тодотгоод, Дэлхийн банк сүүлийн 3 жилд PISA үнэлгээ хийх чадавхыг сайжруулахад мэдээллийн технологийн болон дэд бүтэц байгуулах дэмжлэг үзүүлснээр чанартай дата боловсруулсан. Энэ өгөгдөл мэдээлэлд суурилан тодорхой хөрөнгө оруулж, хүчин зүйлсийг сайжруулахаас гадна шинжилгээнд суурилсан бодлого боловсруулах, PISA-гийн үр дүнг үргэлжлүүлэн шинжлэх ёстойг хэлж байлаа.


PISA-гийн тэргүүлэх шинжээч, Канадын Нью Брансвикийн Их сургуулийн Нийгмийн ухаан, боловсролын судалгаа хариуцсан профессор Лусия Трамонте (Lucia Tramonte) ярихдаа, “Монгол Улсын хувьд туршлага хуримтлуулсан үнэлгээ боллоо. Үнэлгээнд хамрагдах нь том алхам юм. Үнэлгээнд хамрагдсан үр дүнгээсээ хэрхэн хүчирхэгжих боломжоо олж харах юм. Сурагч, багш, эцэг эх, захирлын түвшинд мэдээллэл цуглуулдаг. Сурагчид гол мэдлэгээ хэр эзэмшсэнийг үнэлэх үнэлгээ. Энэ удаад математикийн чадварт анхаарал хандуулсан. Монгол Улс математикийн чадвараар Болгараас илүү гүйцэтгэлтэй, унших чадвар нь хангалтгүй үзүүлэлттэй байгаа. Монгол Улс боловсролын системд суурь үеийг чухалчилж үзэх хэрэгтэй байна. 15 нас хүртэлх насны сурагчдын үр дүнг үнэлдэг тул сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ач холбогдол өгөх ёстой. PISA-тай холбоотой дата өгөгдөл боловсруулж, бодлого гаргахдаа боловсролын түвшин хоорондын шилжилтэд анхаарах, дата мэдээллээ ашиглах шаардлагатай. Боловсролын салбарын суурийг сайжруулахад анхаарах шаардлагатай. PISA-гийн үр дүн нь боловсролын системийг анхаарах хүчин зүйл болдог. Цар тахлын улмаас олон улсын түвшинд гүйцэтгэл ерөнхийдөө буурсан. Монгол Улс дэлхийн улсуудтай харьцуулахад OECD дунджаас холгүй гүйцэтгэл үзүүллээ” хэмээв.


Энэ үеэр Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли ярихдаа, “Монгол Улсын ирээдүй эдийн засгаа хэрхэн солонгоруулахаас хамаарна. Үүний эх үүсвэр, гол хүч нь хүний баялаг, ирээдүйн иргэдийн төлөөлөл болж PISA үнэлгээнд хамрагдаж буй сурагчид юм. Иймд Монгол Улсын хүний нөөц, чадавхаа ашиглаад илүү хүчтэй өрсөлдөх санааг дэвшүүлж байна. Энэ үнэлгээ хамгийн том судалгаа тул боломж олгодог. Үнэлгээний үр дүн зөвхөн тоо бус нөөцийг харуулж байна. Олон орон энэ үр дүнгээс хамаарч тодорхой үйл ажиллагаа хөтөлбөр хэрэгжүүлэн, зорилго тавьж, өөрчлөлт хийх боломж бий болдог. Дэлхийн банк сурагчдын унших, математик чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэлээ. 

Холбоотой мэдээ