Улсын тэргүүний 4-р сургууль алтан медалийн эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-23 15:48:35

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор ЕББД сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Дөл” тоглолтын Бэлчирийн бүсийн шалгаруулалтанд Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургууль шалгарлаа.

Хүүхэд залуучуудад “Цэрэг-Эх оронч” хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, Зэвсэгт хүчин болон Үндэсний аюулгүй байдлын боловсон хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм. Сүхбаатар сумын ЗДТГ-ын хамт олон удирдан зохион байгуулсан энэхүү “Дөл” тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүсийн хэмжээнд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 6, Алтанбулаг, Шаамар сумын Ерөнхий боловсрол сургууль, Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн нийт 9 сургуулийн ахлах ангийн 90 сурагч өрсөлдөж, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний дүрэм ёсоор жагсаалын жигдрэл, урлагийн мэндчилгээ, ханын сонин, марш тактик төрлүүдэд бүх багууд хангалттай сайн бэлтгэн, эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн "Цагаан шонхорууд" баг тэргүүн байр, дэд байрт Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн "Хилчид" баг, гутгаар байрт Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн "Сүлд" тус тус шалгарч аймгийн аварга шалгаруулах дараагийн шатны тэмцээнд оролцохоор шалгарлаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ