БНСУ, ОХУ-тай Эдийн засгийн түншлэл, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-13 15:34:54

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНСУ Монгол Улсаас гаргаж буй нийт барааны эргэлтийн 1.1 хувь, импортын 4.5 хувийг эзэлж байна. 


Үүннд ноос ноолууран бүтээгдэхүүн, угаасан самнасан ноос ноолууран утас болон мал, амьтны гаралтай өөхөн тос, тэжээвэр амьтдын хоол зонхилж байгаа юм.


Тэгвэл Монгол Улсаас экспортолж буй нийт барааны эргэлтийн 0.7 хувь, импортын 25.7 хувь ОХУ-д ногдож байна. Тус улс руу манай улсаас мөн ноос ноолууран бүтээгдэхүүн, угаасан самнасан ноос ноолууран утас, жоншны баяжмал, эсгий болон эсгий бүтээгдэхүүн, арьс шир болон мах, махан бүтээгдэхүүн, архи, шар айраг, монгол гэр зэрэг бараа бүтээгдэхүүн голлон гаргаж байгаа ажээ.


Дээрх хоёр улстай хийх экспортыг улам нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломж байгаа талаар өнөөдөр МҮХАҮТ-д болсон уулзалтаар хөндлөө. ЭЗХЯ-наас дээрх хоёр улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон Чөлөөт Худалдааны хэлэлцээр байгуулахаар болж, эхний шатны ажлыг хийж буй талаар бизнес эрхлэгч нарт мэдээллээ. Тус ажлын хүрээнд бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулсан юм.


МҮХАҮТ-аас гадаад худалдааны бичиг баримт тухайлбал Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АPTA), мөн дэлхийн өндөр хөгжилтэй болон Европын холбооны улс оронтой Хөнгөлөлтийн Ерөнхий систем болон (REX систем), Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн зэрэг хэлэлцээрийн хүрээнд, бусад улс, орнууд руу экспорт хийхэд гаалийн бүрдүүлэлтэд нэн шаардагдах гарал үүслийн гэрчилгээний олголт хэвээр үргэлжилж байгаа талаар Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дэд захирал Ц.Магнайбаатар мэдээлэв.


Уулзалтад ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалт бодлогын газрын дарга Б.Анар, Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Э.Нямбаяр нар оролцож Монгол Улсаас БНСУ, ОХУ руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох боломжтой барааны жагсаалтын талаар танилцууллаа.


Уулзалтад оролцогчид хил гаалийн хорио цээр, татвар, тээвэр логистик болон тарифын бус саад тотгор, тэдгээрийн хэм хэмжээ, стандарт, маргаан шийдвэрлэх үйл явц болон хөдөө аж ахуйн бусад барааг санал болгох зэрэг талаар санал солилцлоо.


Тодруулга: Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь хоёр болон түүнээс дээш орнууд харилцан худалдааны таатай нөхцөлийг олгох замаар чөлөөт худалдаагаа дэмжих худалдааны арга хэрэгсэл юм. Энэ гэрээгээр дамжуулж өөрийн экспортолж буй бараа бүтээгдэхүүнээ хил гаалийн саадгүй, татваргүй, эсхүл хамгийн бага татвар төлөх замаар ашигтай борлуулж, эсрэгээр импортын бүтээгдэхүүн үнэ хямд, чанартай байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн яриа тохиролцоо гэхээсээ илүүтэйгээр дүрэм журамд үндэслэсэн худалдааны тогтвортой харилцааны хэлбэр юм.

Холбоотой мэдээ