Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-14 14:36:24

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар нийслэлд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал солилцов.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүс байгуулахыг судалж шийднэ. Аж ахуйн нэгжүүдийн хүнсний хангамжийг сайжруулах, нэмэх чиглэлээр гаргасан санал хүсэлтийг ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах боломжтой хэмээлээ.


Уулзалтад оролцогчид үйлдвэрийн зориулалттай газрын асуудал, барилгын зөвшөөрлийг шуурхай шийдэх, төр хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэрийн дэд бүтэц бий болгох, эрчим хүчний хүчин чадлыг нэмэх тухай санал хүсэлт дэвшүүлж, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй хүний нөөцийн дутагдал, татварын дарамтын ярьж байв.

Хотын дарга үйлдвэрийн зориулалттай барилгын зөвшөөрөл, газрын асуудлыг анхаарч, боломжит хувилбараар цаг алдалгүй шийдэхээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш 1857 аж ахуйн нэгж, иргэнд 675 тэрбум орчим төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлжээ. Мөн энэ онд 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн билээ. Сонгино, саримс, лууван, өндөгний хангамж 3-12 хувиар өсөж, хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа.


Он гарснаас хойш хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад ороод байна. Махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ. Ингэснээр гадаадаас нэг тэрбум гаруй ам.доллароор хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам долларыг эх орондоо үлдээх боломж бүрджээ.

Холбоотой мэдээ