Парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-17 12:11:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат 12 дугаар сарын 15-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань-тай уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, үүрэгт ажилдаа орсон хатагтай Шэнь Миньжуань-д баяр хүргэж, ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг чадвар, туршлагаа хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр улсын улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чухал түлхэц болж байна. Үүнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-гийн 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилтай болсон нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисан болохыг онцлон тэмдэглэв.


Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаж, томилогдоод удаагүй ч манай хоёр улсын төрийн тэргүүн нарын “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын үеэр нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. 


Сүүлийн жилүүдэд манай хоёр улс хоорондын төрийн дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдсэн бөгөөд ирэх онд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, парламент хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ой тохиох юм.


Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хэлэхдээ, 2024 он бол манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд тэмдэглэлт олон үйл явдалтай чухал жил болох төдийгүй Монгол Улсын Их Хурлын хувьд ч нэгэн шинэ түүхийн хуудас бичих жил болно. Энэхүү завшааныг тохиолдуулан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг БНХАУ-д айлчлахыг урьж, манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, түүний Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана гэлээ. 


Талууд Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Байнгын хороод хоорондын уулзалтыг тогтмолжуулах зэрэг бусад асуудлаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ