ГОВЬ-АЛТАЙ: "Туульсын хаан Жангар-2023" үйл ажиллагаа гал тахих зан үйлээр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг 2023 оны арван хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Туульсын хаан Жангар-2023" хүч эрчмийг хураах үйл ажиллагаа "Гал тахих" зан үйлээр эхэллээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “Туульсын хаан Жангар” тууль хайлах зан үйл хоёр дахь удаагаа Говь-Алтай аймгийн Алтай хотноо хоёр өдрийн турш болохоор арванхоёрдугаар сарын 21-нд эхэлж буй юм. Тууль хайлах зан үйлийн өмнө ийнхүү тэнгэрээ аргадаж гал тахих үйлийг өргөн дэлгэр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар албаны бусад төлөөлөл болон Төрийн туульч, Цуурч, Хөөмийч, МУСГЗ, Монгол Улсын соёлын элч, Соёл судлаач Э.Баатаржав, аймгийн ард иргэд өргөнөөр оролцлоо.
Монгол Улсын Төрийн туульч Э.Баатаржаваас галын тахилгын зан үйлийн талаар тодрууллаа. Тэрбээр "Говь-Алтай аймгийнхан эртний зан үйл 13 овоо галын тахилгаараа Жангар туулийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх нээлтийн ёслолоо хийлээ. Таван эрдэнийн манлай тэмээн сүрэг, унаа уналгатайгаа өргөн олноороо сүр жавхлантай ирсэн нь үнэхээр сайхан байна. Түүнчлэн нутгийнхаа хөрсөнд ургадаг ургамлын дээж, арвай буудай энэ бүгдээр тахилга хийсэн нь жигүүртний олон хаадын амьсгалаар хүн зон, ан амьтны төлөө ерөөл ирдэг гэж үздэг. Үүний зэрэгцээ Алтайн 13 овоо гэдэг бол хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн тахиж огторгуйн их галаас хээрийн галыг таслан аваад, тэрхүү хээрийн галаас гэрийн галдаа таслан бадраадаг дарааллаар ёслол төгөлдөр үйл ажиллагаа боллоо" гэв.
Тууль хайлах зан үйл ийнхүү галын тахилгаар эхэлсэн ба хөтөлбөрийн дагуу үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, хурдан атны уралдаан, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулах тэмцээнээр үргэлжлэх юм. Харин арванхоёрдугаар сарын 21-ний 19.00 цагаас тууль хайлах ёслол албан ёсоор эхэлнэ.