Усны тусгалаар илэрхийлэхүй буюу Ц.Ган-Эрдэнийн ертөнц

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-27 11:57:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч, зураач Цэндийн Ган-Эрдэнэ 2001 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургууль, 2010 онд ХБНГУ-ын Мюнстер хотын Урлагийн академийг төгссөн, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Алтан гадас” одон, Соёлын тэргүүний ажилтан шагналтай, 2018 оноос ХБНГУ-ын Берлин хотын Зургийн академид багшилж буй уран бүтээлч юм. Тэрбээр 2022 оноос ХБНГУ-д суугаа Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж байна.


Уран бүтээл

Ц.Ган-Эрдэнэ нь 2006 оноос хойш идэвхтэй уран бүтээлээ туурвиж байгаа, жил бүр 12 буюу 3 бие даасан үзэсгэлэн гаргаж, 9 хамтарсан үзэсгэлэнд оролцож хэвшсэн, үзэсгэлэнгүүдийг нь дунджаар 100.000 хүн жилд үздэг юм байна. Түүний уран бүтээлийн агуулгын дийлэнх нь Монголын язгуур сэтгэлгээний онцлогийг харуулахад зориулагддаг гэж үзвэл жилд ойролцоогоор 100.000 хүнд эх орныхоо байгаль, түүх, нүүдлийн ёс заншил, ахуй байдлыг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж ирсэн, эх орноо олон улсад таниулдаг уран бүтээлч юм. Тэрбээр 2006 оноос хойш өөрийн эх орондоо болон Европын Холбоо болон ХБНГУ, АНУ, БНСУ зэрэг улсад нийт 120 гаруй үзэсгэлэнг гаргаад байна. 


Монгол Улсад “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэнгээ 2023 оны зургаадугаар сарын 20-ноос долдугаар сарын 12-нд олны хүртээл болгов. Энэ бол түүний эх орондоо бие дааж гаргасан 4 дэх үзэсгэлэн юм.


Үргэлжлүүлэн 2023 оны наймдугаар сарын 6-наас 10 дугаар сарын 29-ний хооронд өөрийн уран бүтээлийн багш, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Нарангэрэлийн хамт "Адууны өвөг" хамтарсан үзэсгэлэнгээ ХБНГУ-ын Варендорф хотноо олон нийтэд толилуулж байна. 


Ц.Ган-Эрдэнэ 2012 оноос хойш жил бүр судалбар зургийн пленер аяллыг говь, хангай, төвийн нутгаар бүсчлэн эх орондоо зохион байгуулж, үүндээ 100 гаруй гадаадын иргэдийг урин авчирч оролцуулаад байгаа юм. 


“Миний уран бүтээлийн гол үзэл баримтлал монгол ахуй, соёл, нүүдэлчдийн амьдрал, түүний байгальд хандах хандлага, ёс заншил зэргийг олон улсын түвшинд  эерэгээр харуулахад чиглэж байгаа. Энэ талаар зохих судалгаануудыг хийдэг. Нүүдэлчид бол мянга мянган жил байгалиа шүтэж хүндэтгэж, байгальдаа ээлтэй, байгальтайгаа уялдаа холбоотой амьдарч ирсэн, ерөнхийдөө амьдрал нь байгалиас хамааралтай хүмүүс. 


Нөгөө талд нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган, зуд, цөлжилт бий болж байна. Хэдийгээр дэлхийн дулааралд хүн төрөлхтөн буруутай нь нотлогдсон ч энэ нь нүүдэлчдийн бий болгосон зүйл биш. Тийм мөртлөө нүүдэлчид хамгийн түрүүнд хохирол амсаж байна. Одоо Монголын говьд очиход маш халуун, хүн, мал нь тогтох аргагүй байгалийн нөхцөлтэй шахам болжээ. Малчид байгаль, цаг уурын энэ өөрчлөлтөөс болоод амьдралаа алдах аюулд хүрч болзошгүй, соёл, ахуй нь өөрчлөгдөж, устахад ойрхон байна. Үүнийг уран бүтээлээрээ илэрхийлж, олон улсын түвшинд таниулах, зохих дохиог өгөхийг зорьж байна. Энэ бүхнийг дэлхий дахинд ойлгуулж байж Монголыг харах өнцгийг өөр болгоно. Цаашид нүүдэлчин амьдралыг дэмжих сан хэрэгтэй байна. Тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг олон улсаас татаж, нүүдэлчдийн амьдралыг тодорхой хэмжээгээр дэмжих бодит шаардлага бий болсон. Сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчдийг Монголд урьж авчирч судалбар аялал зохион байгуулж байгаа минь тэдний уран бүтээлээр дамжуулж дэлхий дахинд нүүдэлчдийн өмнө тулгараад байгаа асуудлыг ойлгуулахад чиглэж байгаа юм” хэмээн Ц.Ган-Эрдэнэ ярьж байна.


Сэтгэлгээ

Ц.Ган-Эрдэнэ бол өөрийн санаа, илэрхийлэхийг хүссэн агуулгаа усны тусгалаар дамжуулан өөрийн бүтээлдээ шингээн харуулдаг арга барилтай, үүгээрээ баруун Европт хэдийнээ танигдсан, “Усны тусгал буюу Ижил ертөнц” хэмээх дүрслэлийг дэлхийн дүрслэх урлагт оруулж ирж, энэ урсгалаараа дагнасан бүтээл туурвиж буй уран бүтээлч юм. Түүний бүтээлүүдээс байгаль цаг уурын өөрчлөлт, улс төр, нийгэм, эдийн засаг, технологийн хувирлаас шалтгаалж хүмүүсийн бодит амьдрал болон оюун санааны төсөөллийн ертөнцөд огцом өөрчлөлтүүд гарч байгааг харж болно. Энэ тухай тэрбээр,

-Миний хийж байгаа уран бүтээлийн хэв маяг, усны тусгалаар илэрхийлсэн сэдэвт бүтээл урьд өмнө нь дүрслэх урлагт байгаагүй, ийм хоёр ертөнцтэй, хүний дотоод сэтгэл, бодит амьдралыг хослуулан хийсэн бүтээл байхгүй гэж урлаг судлаачид үздэг. Анх 2009 оноос энэ чиглэлээр зурж эхэлсэн. Гэхдээ өөрөө энэ чиглэлийг гаргаж ирье гээд эрэл хайгуул, судалгаа хийгээгүй. Гэнэт л миний бүтээлд энэ чиглэл ороод ирсэн. Оюутан байхдаа 2-3 бүтээл хийгээд академийнхаа жилийн үзэсгэлэнд зургуудаа тавьсан чинь л сургуулийн захиргаа, миний амьдарч байгаа хотын урлагийн хүмүүс, цуглуулагч, сонирхогч нар өндрөөр үнэлж, энэ тухай сонин хэвлэл дээр ч гарсан. Энэ нь надад маш том урам өгч, тэр үеэс эхлэн энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гэв. 


Усны тусгалаар илэрхийлнэ гэдэг нь хүний бодит болон оюун санааны ертөнц дэх амьдралыг төсөөлж, уран бүтээлд зэрэгцүүлэн тусгадаг арга. Ц.Ган-Эрдэнийн бүтээлүүдэд энэ бодит байдал хийгээд далд сэтгэлгээнд оршиж буй мөрөөдөл, төсөөлөл, санагалзлыг хослуулж, усны тусгалын хэлбэрээр илэрхийлдэг байна. 


Соёлын элч

ХБНГУ-ын Мюнстер хотноо ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвидаг түүнийг Гадаад харилцааны яамнаас 2022 онд Монгол Улсын Соёлын элчээр томилохдоо “ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулагддаг “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцох эхлэлийг тавьж, Монголын дүрслэх урлагийн салбарын ололт амжилтыг гадаадын улс орнуудад танилцуулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ “Мөнх хөх тэнгэр”, “Толин тусгал”, “Анхны болзоо”, “Бодит байдал нь хоосон зүйл” зэрэг бие даасан үзэсгэлэнг АНУ, Испани, Герман, Бельги, Нидерланд, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг оронд гаргаж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн” хэмээн онцолжээ. 


Ц.Ган-Эрдэнэ Герман улсад жил бүр зохион байгуулагддаг “Норд Арт” олон улсын үзэсгэлэнд тэрбээр 2008 оноос хойш идэвхтэй оролцож байгаа анхны Монгол Улсын уран бүтээлч бөгөөд тус үзэсгэлэнг Монголын уран бүтээлчдэд таниулж, сурталчлах ажлыг гардан гүйцэтгэж, дэмжиж ажилладаг юм.


-Монгол Улсын Соёлын элч хэмээх хүндтэй үүргийг хүлээгээд нэг жил шахам болж байна. Цаашид олон улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах ажлаа үргэлжлүүлэхээс гадна монгол уран бүтээлчдийг дүрслэх урлагийн салбарт дэмжээд, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх 2024 онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ ойн хүрээнд олон ажил хийнэ. Тухайлбал, “Норд Арт” үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдийн павьлон ажиллуулахаар Соёлын элч О.Оюунтуяа нартай хамтран хөөцөлдөж байна. Германд монгол, герман холимог гэр бүлээс гаралтай хүүхдүүд олон байдаг. Тэдэнд монгол соёлоо таниулах ажлыг бас эхлүүлээд байна. Энэ жил Германд хос соёлоор хүмүүжиж, амьдарч байгаа хүүхдүүдийн дунд монгол үндэсний баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хүүхэд багачуудад таниулж, мэдүүлэх зорилгоор“Монгол наадам” сэдэвт гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ мэт ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ тэрбээр хэллээ. 


Онцлох бүтээл: Хос дөрөө

Бүтээсэн он: 2023

Хэмжээ: Монгол дөрөө 160х150х150 см, Герман дөрөө 170х150х80 см

Материал: Морины тах 600 ширхэг, төмөр


Ц.Ган-Эрдэнэ нь “Хос дөрөө” бүтээлээ 2024 онд тохиох Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан бүтээжээ. Нийт 5 жилийн хугацаанд уг бүтээлээ хийжээ. Уг бүтээлийнхээ талаар Ц.Ган-Эрдэнэ,

-Монголчууд хос дөрөөг хөгжиж дэвших бэлгэдэл хэмээн үздэг. Герман болохоор тахыг аз авчрахын бэлгэдэл гэж үздэг. Энэ агуулгаараа “Бид нэг санаа, нэг зорилготойгоор урагшаа тэмүүлэх юм бол олон амжилтыг бүтээнэ” гэсэн санааг илэрхийлсэн юм. Монгол-Герман хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 50 жил болсон. Энэ хугацаанд хоёр орон эдийн засаг, соёл урлаг, боловсролын тал дээр маш олон зүйлийг хамтдаа бүтээсэн. Үүнийг бодож хос дөрөөгөө урласан. Нэг дөрөө нь Монгол, нөгөө дөрөө нь  Герман улсыг төлөөлж байгаа юм. Монгол дөрөөний таваг нь үндэсний хэв маягтай, дээрээ зурагтай бол герман дөрөө нь европ хэв загвартай байх жишээтэй.


Дөрөөнүүдээ шууд төмрөөр цутгаж хийж болох байсан ч хаягдал материал ашигласан. Германд морь тахалдаг газар олон байдаг. Тэр газруудаас элэгдчихсэн хаягдал тахуудыг цуглуулж, тахуудаа хооронд нь гагнаж жиргээд дөрөө болгосон. Сайн харвал холбосон тахууд хээ ч юм шиг харагддаг. 


“Хос дөрөө” бүтээлээ хаана байрлуулах талаар эрх бүхий хүмүүстэй ярилцаж байна. Уран бүтээлчийн хувьд энэхүү бүтээл маань Герман, Монгол хоёр орны дипломат харилцааны тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эв найрамдлыг бэлгэдэж монголын талаас өгч буй бэлэг байгаасай хэмээн хүсэж байгаа хэмээн ярилаа. 



Ц.Ган-Эрдэнийн уран бүтээлийн дээжээс


Тэнгэрийн майхан



Харуулын цамхаг



Өөрийн хөрөг



Гүүр



Бүжиг



Хаалга

Холбоотой мэдээ