"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" батламжаа гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-26 15:07:38

Гацууртын Баяндөхөмийн сэргэг сайхан газар дүнхийх Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Сургалтын төвд сэгтүүлчдийн мэргэшсэн гурав дахь удаагийн сургалт үргэлжилсэн юм.

Өнгөрсөн баасан гарагт  ШЕЗ-ийн хурлын танхимд эхэлсэн "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" 3 дахь удаагийн сургалт өглөө 8:30-аас орой 18 цаг хүртэл хууль эрх зүй, шүүхийн шинэчлэлийг нэрт хуульч, эрдэмтдээс сонссон. Энэ сургалтад ШЕЗ-ийн дарга, хууль зүй болон философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, ҮХЦ / Үндсэн хуулийн цэц/-ийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч Жанцан, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ерөнхий шүүгч М.Батсуурь, ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Сарантуяа нар лекцдэв. Харин бямба гарагийн өглөөний амтат цайтай, агаар тунгалаг үнэртэй тухлаг лекцийг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор, профессор Т. Мэндсайхан,МУИС-ийн ХЗДС- ийн багш, доктор, профессор Д. Мөнхсайхан , ШЕЗ-ийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ажилтан, судлаач Э.Ганцэцэг нар сонсгов. Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бидэн энд хоёр дахь намраа ирж байгаам. Ноднин эхэлж барьсан төвийн барилга энэ жил бүрэн тохижиж, дулаалт, соёлжилт тун сайн хийгджээ!
Дор хаяж 100 гаруй хүн ирээд ямар ч сургалтыг тав тухтай хийж болохоор болж.
Хичээл лекцийн том танхим, номын сантай ч байх энэ төвийн эргэн тойронд дүнзэн байр, монгол гэр хийцийн амралтын байр, спортын талбай, явган зам, амрах сүүдрэвч, зүлэг цэцэрлэг ч зэрэгцэн байна. Мэргэшсэн сэтгүүлчдийг амралтын өдрүүдээр ирж амрах урилгыг ноднин намар л өгсөн...гэвч олхой бидэн ганц удаа ирж чадсангүй. Харин энэ жилээс овсгоо гаргах эсэхийг бид л мэдэх хэрэг. ШЕЗ-ийн Сургалтын энэ төвд гадаад дотоодын олон сургалт болсныг нэг бус удаа мэдээлж байсан. Цаашид олон арга хэмжээ болохыг ШЕЗ-ийн ХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг маань ч дуулгалаа. Бид сургалтаа өндөрлөхдөө "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" батламжаа гардан авч, намрын хорхог амталж, алжаалаа тайлан инээлдэж, БАЯНДӨХӨМИЙН баян намрын нэгэн өдрийг баяр хөөртэй үдэв. ШЕЗ-өөс гурван жил тасралтгүй сургалтад оролцож, шүүхийн сэдвээр гаршин бичиж яваа сэтгүүлч Г.Улсболд, А.Алтантуяа, Булганзаяа нарын таван сэтгүүлчид давуу эрх бүхий "Мэргэшсэн сэтгүүлч" үнэмлэх олгох болсноо дуулгав.
Энэ бол гурав дахь засаглал-Шүүхийнхэн болон дөрөв дэх засаглал - Хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллаж буйн сайхан түншлэлийн бодит жишээ болж байна.
Энэчлэн жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалт чамбайрч, сургалтад оролцогч сэтгүүлчийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг ахиж буйг бид санал нэгтэй үнэллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ