Кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймаг анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭАлтан гадас одонт, БТТА ахмад багш Н.Аюу агсны нэрэмжит өсвөр үеийн кросс Гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 24-ний өдөр болж өндөрлөлөө.
Анх удаа улсын хэмжээнд зохион байгуулсан энэхүү тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Говь-алтай, Дархан-Уул, Төв, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь зэрэг 14 аймаг, 6 сум, Улаанбаатар хотын БТДуСургууль, Алдар спорт хороо, Сонгинохайрхан дүүргийн нийт 302 тамирчид оролцож 5 зайн төрөлд 5 насны аггиллаар хурд хүчээ сорилоо.
Ингээд тэмцээний 8-9 насны охидын 800 м-ийн уралдаанд Архангай аймгийн Ш.Уянга, хөвгүүдээс Архангай аймгийн Д.Мөнх-Эрдэнэ, 10-11 насны охидын 1200 м-ийн зайд Дархан-Уул аймгийн Д.Хонгорзул, хөвгүүдээс Улаанбаатар хотын БТДуСургуулийн Л.Энхбаяр, 12-13 насны 1500 м-ийн зайд охидоос Сэлэнгэ аймгийн А.Сарантуяа, хөвгүүдээс Сэлэнгэ аймгийн Ч.Адилбиш, 14-15 насны 3000 м-ийн зайд охидоос Дархан-Уул аймгийн О.Ууганзаяа, хөвгүүдээс Сэлэнгийн Д.Мягмарсүрэн, 16-17 насны 5000 м-ийн зайд охидоос Алдар спорт хорооны Т.Мөнхзул, хөвгүүдээс Дархан-Уул аймгийн С.Төрбат нар тэргүүн байрт шалгарчээ. Тэмцээний нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүн байр, Дархан-Уул аймаг дэд байр, Архангай аймаг гутгаар байрт тус тус шалгарч кросс уралдааны улсын аваргын анхны медалийн эзэд боллоо.
Алтан гадас одонт, БТТА ахмад багш Н.Аюу агсны нэрэмжит тус тэмцээнийг хүүхэд, залуучуудын дунд 5 насны ангиллаар аймгийн аваргын хүрээнд 6 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн байна. Ингээд 2016 онд Монголын хөнгөн атлетикийн холбоонд санал тавьж, анхны кросс гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү хувьсгалын өлгий нутагт зохион байгууллаа.
Тэмцээний үеэр ахмад багш Н.Аюу агсаны гэргий Н.Шүрийг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог гардуулан өглөө.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг