Түр саатуулах байранд аваачсанаар хүчирхийлэл зогсдог гэсэн өнгөц ойлголтоос салах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн прокрорын газраас санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэе” зөвлөлгөөн зохион байгууллаа.
Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн төв, аймгийн хуулийн хэлтэс, мөн баг сумдын засаг дарга, цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар оролцлоо. Сэлэнгэ аймгийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл 2015 оны 8 сарын байдлаар 38 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаа 36 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеийхтэй харьцуулахад 5.3 хувь буурсан ч холбогдогч нь 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Иймээс аймгийн цагдаагийн байгууллагын зүгээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг байгуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон, хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдийн бүртгэл судалгаа ажлыг явуулж байгаа юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг түр саатуулах байрлуу авч явснаар хүчирхийлэл зогсдог гэдэг өнгөц ойлголтоос салах хэрэгтэйг энэ хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний дараа ард нь үлдсэн хохирогч сэтгэл санааны асар их дарамттай байдаг байна. Иймээс дараа нь гэмт хэрэг гарахыг үгүйсгэхгүй аж. Тиймээс эдгээр байгууллагуудын зүгээс тухайн гэмт хэргийн эрсдэлийн түвшинг тогтоох, аймаг сум дүүргийн шийдвэр гаргах түвшний хүмүүстэй хамтарч ажиллах нь чухал байгааг энэ үеэр онцлон дурьдаж байлаа.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн заасан байдаг юм байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг