2026 он гэхэд 20 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх судалгаа гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын арван нэгэн /МОНЦАМЭ/. Төр, орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60, нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх үйлчилгээний тээврийн хэрэгслийн 70, иргэдийн 5 хувь нь цахилгаан машин хэрэглэдэг болгохыг зорьж байна. Улмаар 2026 он гэхэд 20 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа байгааг ЗТХЯ мэдээлэв.
Манай улсад 2023 оны есдүгээр сарын байдлаар 709 цахилгаан
тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 12 дугаар сарын байдлаар 1061 болж нэмэгджээ. Энэ тоог 2026 он гэхэд 20 мянга, 2030 он гэхэд 30 мянгад
хүргэж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн билээ. Мөн төр,
хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг
олшруулж, Улаанбаатар хотын 25 байршилд цэнэглэх станц байгуулахаар төлөвлөөд байгаа юм.