БНХАУ-д визгүй зорчих хугацаа хэтэрвэл хоногийн 500 юаниар торгоно

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-09-27 16:26:12

ГХЯ-наас БНХАУ-д зорчих иргэдэд хандсан зөвлөмж гаргав.

Тодруулбал, манай иргэд БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг зөвлөв. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” хэмээн заасан байдаг.

Мөн БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх хэрэгтэй. Тус улсын “Гадаадын иргэдийг хилээр орох, гарахыг зохицуулах” тухай  хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоног саатуулах”-аар заажээ. 

Түүнчлэн БНХАУ-ын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам.долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журам зөрчсөн тохиолдолд мөнгийг хурааж, гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9 хувьтай тэнцэх хэмжээний валютаар торгодог аж. Үүний зэрэгцээ хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх, үүнд дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг юм.

Тус яамнаас Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Эдгээр баримт бичиг нь Монгол Улсын төрийн өмч тул ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө иргэн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг аж.

Б.Туул

Холбоотой мэдээ