Монгол-Оросын хамтарсан “Шидэт цагаан сар-2024” үзэсгэлэн Улаан-Үдэд нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-17 17:59:57

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр Цагаан сарыг угтсан “Шидэт цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод болно.


Хоёр улсын хамтарсан уг үзэсгэлэн худалдаанд манай улсын бизнес, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүд сарлагийн хөөвөр, нэхий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, савхи, арьс ширэн эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, монгол дээл, үндэсний хувцас, хүнсний бүтээгдэхүүнээр оролцох аж.


Монголын талын зохион байгуулагч МҮХАҮТ дотоодын үйлдвэрлэгчдийг уг үзэсгэлэн худалдаанд түлхүү оролцуулахаа мэдэгдэн, оролцогчдыг бүртгэж байна. ОХУ-ын талаас уг үзэсгэлэн худалдааг "Байкал Экспо” компани зохион байгуулж байна.
Монгол-Оросын хамтарсан “Шидэт цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлж, 4-нийг хүртэл үргэлжлэх аж.


Үүний өмнө ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол-Оросын шинэ жилийн үзэсгэлэн худалдааг мөн хоёр тал зохион байгуулсан юм. Монгол-Оросын шинэ жилийн үзэсгэлэнд дэлгэн тавьсан Монгол Улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Буриад улсын Засгийн газраас гаалийн татваргүйгээр хил нэвтрүүлсэн билээ.



Холбоотой мэдээ