БАЯН-ӨЛГИЙ: Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан, төгсөгчдийг ХБНГУ-д суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-22 15:59:36

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Нуркен, “Грэйт Емпорор” компанийн захирал Б.Еркехулан нар тус сургуулийн оюутнуудыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын "Оюутны зуны ажлын хөтөлбөр"-т хамруулах, төгсөгчдийг тус улсын Тюренги мужид тэтгэлэгтэй суралцуулах асуудлаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Тус санамж бичгийн хүрээнд Мэргэжлийн боловсролын сургуулийн төгсөгчдийг Тюренги мужийн мэргэжлийн сургалтын байгууллагуудад хүнсний техникч, агуулах логистикийн мэргэжилтэн, агуулахын мэргэшсэн ажилтан, үйлдвэрлэлийн цахилгаанчин, цахилгааны сүлжээний монтёр, нийтийн тээврийн жолооч, мужаан, өрлөгчин, сувилагч зэрэг 350 төрлийн мэргэжлээр 3 жилийн турш тэтгэлэгтэй суралцуулах боломж бүрдэж байгаа аж.


Герман хэлний А2 түвшний мэдлэг эзэмшсэн оюутнууд "Оюутны зуны ажлын хөтөлбөр"-т, герман хэлний В2 түвшний мэдлэг эзэмшсэн 18-30 насны залуучууд 3 жилийн турш тэтгэлэгтэй суралцах юм.


Одоо аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд Өлгий хот дахь "Дедү" сургалтын төвийн герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн ба зохих шаардлагыг хангасан эхний ээлжийн оюутнууд ирэх зунаас ХБНГУ-ыг зорихоор болсон байна.


Ташрамд сануулахад, Монгол Улсын “Грэйт Емпорор” компани нь ХБНГУ-ын “FAV Service GmbH” ашгийн бус компанитай “FAV-Offensive: мэргэжлийн боловсролын сургалт ба хөдөлмөр эрхлэлт" төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  

Холбоотой мэдээ