СЭЛЭНГЭ: Алдарт тужийн нарс нь Монгол Улсын хамгийн нам дор газар байрладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-22 15:58:42

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын ялалтын анхны уухайг Сэлэнгэ аймагт хадааж байсан үеийн дурсамжийг хадгалж үлдсэн түүхт газруудын нэг бол яах аргагүй Сэлэнгийн алдарт “Тужийн нарс” юм.

 

Тужийн нарс хэмээх нэр нь “туж нарс” гэдэг үгнээс үүссэн гэдэг. Хэсэгхэн газартаа хар модтой, захаараа хэдэн хустайг эс тооцвол бүхэлдээ нарс учраас “Туж нарс” хэмээн нэрлэжээ.

 

Алдарт Тужийн нарс нь Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг 65548.56 га талбайтай Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газар. Далайн түвшнээс дээш 620 гаруй метрийн өндөрт буюу Монгол Улсын хамгийн нам дор газар байрладаг гэдгээрээ онцлогтой.

 

Энэхүү нарсан ой нь өөрөө агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг ажээ. Нарс мод нь 200-300 жил наслах чадвартай бөгөөд 10 метрээс дээш өндөр ургадаг байна. Мөн нарс мод нь хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад навчит модноос онцгой чанартай ажээ.

 

20 настай 1 га нарсан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж, 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг байна. Тухайлбал 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадах ажээ.

 

Сэлэнгэ аймгийн тухайд Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байгалийн цогцолбор газар болгожээ.

 

Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог аж. Тужийн нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон ургадаг байна.

Холбоотой мэдээ